Агаарын шинэ хаалга нээхээр төлөвлөөд байна

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-02 17:10:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Говь-Алтай аймаг, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Оронтой хиллэдэг хэсэгт “Цээл” хэмээх агаарын шинэ хаалга нээхээр төлөвлөн, бэлтгэлээ хангаж байна.


Энэ хүрээнд ИНЕГ-ын албан тушаалтнууд БНХАУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзжээ.

Уулзалтын эхэнд ИНЕГ-аас хоёр улсын хоорондын иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын өнөөгийн байдал, нислэгийн тоо, навигацийн үйлчилгээ, хоёр орны хоорондын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар танилцуулав.


ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл шинэ агаарын хаалга нээснээр нислэг болон зорчигч урсгалын тоо, агаарын зайн багтаамж нэмэгдэхээс гадна нислэгийн цаг богиносож, түлш зарцуулалт багасах зэргээр эдийн засгийн үр өгөөжтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр, “Монгол Улс шинээр агаарын хаалга нээхтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, навигацийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, агаарын замын тооцоолол, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг шийдсэн. Хэд хэдэн агаарын замыг шинээр нээх боломжтой болно. Өөрөөр хэлбэл агаарын шинэ хаалга нээгдэх бэлтгэл бүрэн хангасан. Тиймээс хоёр улсын хооронд “Цээл” агаарын хаалгыг шинээр тогтоож, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд дэмжихийг хүсье” гэлээ.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх бөгөөд Элчин сайдын яамны дэд тэргүүн Жан Мүшин, “Агаарын шинэ хаалга нээхийг Элчин сайдын яам ач холбогдолтой гэж үзэн, холбогдох хүмүүст уламжилна. БНХАУ Монгол Улстай бүх салбарын хамтын ажиллагаагаа чухалчилдаг. Тэр дундаа Иргэний агаарын тээврийн салбарын уламжлалт найрсаг харилцаагаа бид хадгалахыг хүсэж байна. Өнөөдөр тулгамдаад буй түр зуурын хүнд нөхцөл байдлыг хамт даван туулнахэмээжээ.

Манай улс агаарын нийт 96 зам, 16 хаалгатай. Тодруулбал, ОХУ-тай 10, БНХАУ-тай 6 агаарын хаалгатай аж.

Холбоотой мэдээ