Ханги боомт нээгдсэнээр төмөр замын ачаа эргэлтийн 50 орчим хувь нь нэвтрэх боломжтой

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2022-05-04 12:28:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүнбаян-Ханги чиглэлд 226 км шинэ төмөр замыг концессоор бариулах шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийн цусны эргэлт доголдож чухал цэгүүдэд зангилаа үүсч, цус харвалтын өмнөх байдалд орсон.

Боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм. Ийнхүү өмнөх хил дээрх Хангийн боомт нь хоёр дахь Замын-Үүд болж, төмөр замын өсөн нэмэгдэх ачаа эргэлтийн 50 орчим хувийг энэ чиглэлээр явуулах боломж бүрдэж байгаа юм.

Зэрэгцээ төмөр замын шугам тавигдсанаар ачаа тээвэрлэх зай 318 км-ээр богиносч, Тээврийн зардал 8 ам.доллараар буурах юм.

Тэгэхээр энэ бол түүхэн шийдвэр. Экспорт, импортын тээврээс гадна Европ-Азийг холбох транзит ачааны хэмжээг 20 сая тонн хүртэл нэмэгдүүлэх давхар боломж гарч ирж байна. Дэлхий нийтэд төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг эдийн засагт “үржүүлэгчийн” үүрэгтэй гэж үздэг. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд оруулсан нэгж хөрөнгө оруулалт нь улсын эдийн засагт оруулсан нэгж хөрөнгө оруулалтыг 1,5 дахин үржүүлэх үр ашгийг бий болгох тооцоолол бий” гэж хэлсэн. Хэлсэндээ хүрч, Засгийн газар зоримог зөв шийдвэр гаргасан нь сайн хэрэг.

 Шинэ төмөр зам ямар ашиг өгөх вэ?

Төмөр замын дагуух суурьшлын бүс хэвийн болсноор шинээр 1485 ажлын байр бий болно. Мөн урьдчилан төлөвлөснөөр Сайншанд чиглэлээс 15,6 сая тонн ачаа, Тавантолгой чиглэлээс  6 сая коксжсон нүүрс нийлээд 21,6 сая тонн ачаа тус боомтоор гарах ТЭЗҮ-ийг боловсруулжээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд эхлүүлсэн. “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Ханги төмөр замын боомт ашиглалтад орсноор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспортын тээврийн зардал буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Ханги боомт нь байршлын хувьд Бугат, Ордос орчмын үйлдвэрүүдэд ойр юм. Байршлын давуу тал нь манай уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх өргөн боломж, өрсөлдөөний таатай нөхцлийг бий болгоно гэдгийг албаны хүмүүс хэлж байсан.

Монгол Улсын Засгийн Газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтыг эхэлснээр Ханги боомт нь газарзүйн байршлын хувьд Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладгаараа стратегийн туйлын чухал ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс дурдаж байсан.

Энэхүү төмөр зам нь 2022 оны 11 дүгээр сард ашиглалтад орох юм.

Ханги боомт нээгдсэнээр төмөр замын өсөн нэмэгдэж буй ачаа эргэлтийн 50 хувь нэвтрэх боломжтой төдийгүй уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг тонн тутамд найман ам.доллараар буурах юм. Үнэндээ хамгийн чухал нь Монгол Улс экспортын шинэ гарцтай болно.

 

Концессын гэрээгээр Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барина

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгосон байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллароор бууруулахаар тооцоолжээ.

Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, 1600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх төсөл юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын экспортын төмөр замын тээврийн хүчин чадлыг түүхэнд байгаагүй хэмжээгээр тэлэх боломжтой. Асар богино хугацаанд буюу хагас жилийн дотор ашиглалтанд оруулах том зорилго тавьсан нь таашаалтай.


Үнэндээ далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдсон байдаг. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг байна. Харин Ханги боомт нь газарзүйн байршлаараа Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын тэг дунд нь байрладаг учраас стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой юм.

Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай Улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэж, боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болно гэдгийг хэлж байгаа юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор манай Улсын уул уурхайн экспортын гол зах зээл болох БНХАУ-ын Бугат хот хүрэх тээвэр 242 километроор богиносч, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэнэ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид 1300 гаруй байнгын ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ.

Автомашинаар ачаа тээвэрлэж асар их зардал үрж, байгаль экологид хохирол учруулж, аваар ослоор олон зуун элэг нэгтнүүдээ цаг бусаар алддаг байдал үгүй болох нь.


“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонн, цаашид 30-35 сая тонн болж өсөх боломжтой. Өөрөөр хэлбэл, Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор хоёрдахь Гашуунсухайт болон Замын-Үүд бий болно. Түүнчлэн төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх юм. Тийм болохоор Монгол Улсын хөгжил дэвшилд яах аргагүй шинэ гарц болж байгаа хэрэг.                                                                                 

Холбоотой мэдээ