"Squid Game" киноны жүжигчин сайн үйлсийн аянд оролцохоор Монголд иржээ

Монголын мэдээ | НИЙГЭМ
bolor@montsame.mn
2022-05-06 17:02:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайн үйлсийн хандивын аянд оролцохоор БНСУ-ын зураач И Юн Жон болон БНСУ-ын жүжигчин, "Squid Game" киноны Али Абдулын дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Анупам Трипати,  “Лэйк К” корпорацын ерөнхий захирал И Чэ Гю нар манай улсад иржээ.

“Янжиндулам” ТББ-аас хэрэгжүүлж буй зүрхний төрөлхийн гажигтай, яаралтай мэс засалд орох шаардлагатай хүүхдүүдэд туслах “Beyond the Borders” сайн үйлсийн төслийн хүрээнд Монголын Уран зургийн галерей, “Бундан” сан, “Адоре” брэнд “Янжиндулам” ТББ  хамтран ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд мэс засал шаардлагатай 10500 хүүхэд бүртгэлтэй байдаг бөгөөд уг сайн үйлсийн төслөөр 10-15 хүүхдэд мэс засал хийх зардлыг “Бундан” сангаар дамжуулан олгох зорилготой. Мөн нэг хүүхдийн мэс засалд дунджаар 5300 ам.доллар зарцуулдаг байна.

Төслийн санаачлагч  “Адоре” брэндийн үүсгэн байгуулагч Б.Янжиндулам, “ Би БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Зураач И Юн Жон, Анупам Трипати бид нэг сургуулийн төгсөгчид. “Янжиндулам” ТББ-аар дамжуулан хүүхдүүдэд нийгэмд  ямар сайн  үйл хийх вэ гэж олон жил бодсон. Тиймээс бид  яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа хүүхдийн амийг аврах  нэг зорилгод  нэгдэж энэ төслийг эхлүүлсэн” гэв.

“Beyond the borders” сайн үйлсийн төслийн хүрээнд БНСУ-д төдийгүй олон улсад танигдсан, абстракт, контемпорари чиглэлээр туурвидаг залуу зураач И Юн Жоны уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнг энэ сарын 10-24-нд Монголын Уран зургийн галерейд дэлгэнэ.

Үзэсгэлэнгийн үеэр уран зургийн дуудлага худалдаа бүхий “Contemporary night” үдэшлэг болох юм.  Үзэгчид зураачийн уран бүтээлийн ертөнцөөр аялах боломжтой бөгөөд орлогыг  “Бундан” санд хандивлах юм. Мөн АСЕМ-д Монголын гольфын ассоциацын дэмжлэгтэй гольфын тэмцээн, Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд “A day in nomad wilderness” аялал, амралт зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ