БНАСАУ-д халдвараас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-05-09 11:54:02

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-д “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг даваа гарагт дахин уриалжээ. Тус улсад коронавирусний халдварын тохиолдол илрээгүй гэж мэдэгдэж байгаа ч сүүлийн үед халуурах шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн тоо нэмэгдэх болжээ.


Өмнө нь БНСУ-ын тагнуулын агентлаг БНАСАУ-д өнгөрсөн лхагва гаргаас түр хөл хорио тогтоосон нь “COVID-19”-тэй холбоотой байж магадгүй гэж мэдээлсэн ч гэдэсний хижиг зэрэг усаар дамждаг халдварт өвчний тархалттай холбоотой байх магадлалтайг ч мөн дурдсан байна.


БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын “Rodong Sinmun” сонин халдварын тархалтын эсрэг арга хэмжээнүүдийг зөрчсөн ганцхан тохиолдол ч улсын хорио цээрийн тогтолцоог нурааж болзошгүй гэдгийг анхааруулаад, ард иргэддээ анхаарал сэрэмжээ сулруулахгүй байхыг уриалжээ.


БНАСАУ цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд 2020 оны нэгдүгээр сараас эхлэн Хятадтай хилээ хаах зэргээр хатуу арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлсэн юм. Энэ оны нэгдүгээр сараас Хятадын Даньдун, БНАСАУ-ын хилийн Синуижу хот хоорондын ачааны галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээгээд байсан ч өнгөрсөн сараас дахин түр зогсоосон бололтой байна. 

Холбоотой мэдээ