Даккагийн халдлагыг удирдан зохион байгуулсан хүмүүсийг хэн болохыг олж тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-03 09:45:33

ДАККА. /Кyodo/. Өнгөрсөн сард Бангладешийн нийслэл Дакка хотын ресторанд олон хүний аминд хүрсэн халдлагыг үйлдэхийг санаачилсан гол хоёр сэжигтнийг хэн болохыг тус улсын цагдаа нар олж тогтоожээ.

Канад гаралтай Бангладешийн иргэн Тамим Чоудхури болон армийн офицер асан Сайед  Зайаул Хэк нарыг баривчлахад туслан мэдээлэл өгсөн хүмүүст цагдаа нар мөнгөн шагнал амлалаа. Сэжигтэн тус бүрийг баривчлахад тусалсан хүмүүст 26 мянган доллар өгөх аж.

Долдугаар сарын 1-нд ресторанд болсон халдлагыг энэ хоёр этгээд удирдан зохион байгуулсан гэж цагдаа нар хэллээ. Уг халдлагын үеэр гадаадын иргэд голдуу 20 гаруй хүн, тэдний дотор Японы долоон иргэн амь үрэгдсэн юм.

Чоудхури гэгч нь 2013 онд Канадаас Бангладешт буцаж очсоноосоо хойш хаана байгаа нь тодорхойгүй байгаа гэнэ. Түүнийг дотоодын хэт давруу үзэлтнүүдийн нэгэн бүлэглэлийн жигүүр болох бүлэглэлийг толгойлж байж магадгүй гэж цагдаа нар сэжиглэж байна. Тус жигүүр нь өөрийгөө “Лалын улс”-ын “Бангладеш дахь жигүүр” гэж тодорхойлж байжээ.

“Лалын улс” бүлэглэлийн  сэтгүүлд Чоудхури бололтой нэгэн хүн ярилцлага өгсөн байжээ. Тэр хүн Энэтхэг болон Мьянмарт халдлага үйлдэнэ гэж анхааруулсан аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ