Цэрэг спортын “Дөл-2022” тэмцээний аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-05-09 19:45:34

Төв /МОНЦАМЭ/ Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг Аймгийн аварга шалгаруулах БНМАУ-ын баатар Д.Самдангийн нэрэмжит цэрэг спортын "Дөл-2022" цогцолбор тэмцээн боллоо. Тус тэмцээнийг Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байрлалд зохион байгуулсан бөгөөд  9 сумын 11 тасгийн 143 сурагч хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.

Энэхүү үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх соёл, уламжлал, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгож, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилготой юм.

Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээнд тэргүүн байрт Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн “Залгамж” тасаг, дэд байрт Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн “Оч” тасаг, гутгаар байрт Хүмүүн цогцолбор сургуулийн “Элит” тасаг, тусгай байрт Алтанбулаг сумын сургуулийн тасагт тус тус шалгарчээ.

Мөн шилдэг дасгалжуулагч багшаар Хүмүүн цогцолбор сургуулийн биеийн тамирын багш О.Отгонбаяр шалгарсан юм.

Дуламдоржийн Самдан нь Мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгаж байжээ. Түүнийг 1973 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан юм. 

Холбоотой мэдээ