Уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн “Гүнээс гүнд” үзэсгэлэн Венецийн биеннальд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-05-10 08:24:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Венецийн биеннальд оролцож буй уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн “Гүнээс гүнд” үзэсгэлэн олон улсын хэвлэл мэдээлэл, урлаг судлаачдын анхаарлыг татсаар байна.

Цар тахлаас үүдэн бүтэн нэг жилээр хойшлогдсон Дэлхийн урлагийн олимп хэмээн нэрлэгддэг Венецийн дүрслэх урлагийн биенналь өнгөрсөн 4 дүгээр сарын 23-наас эхлэн урлагаар цангаж, удаан хүлээсэн үзэгчиддээ үүдээ нээгээд хоёр долоо хоногийн нүүрийг үзэж байна.

Харин Венец хотын Арсеналь орчимд тус наадмын гол үзэсгэлэнгүүдтэй зэрэгцэн байршиж буй уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн Гүнээс гүнд үзэсгэлэнг нээлтийн өмнөх тусгай үзвэрүүдийн үеэр нийт 2000 орчим хүн ирж үзсэн бол ердийн үеэр өдөрт 200-400 хүн ирж үзэж, урлаг судлаач, сэтгүүлч, куратор, уран бүтээлчдийн анхаарлыг татсаар байна.


Тусгай үзвэрийн үеэр ирсэн зочдын дотор Лондоны Тэйт Модерн, Хэйвүд галерей, АНУ-ын Нью-Йоркийн Рубин Азийн урлагийн музей, Бостоны урлагийн музей, Солонгосын Гаванжу биенналь, Азийн соёлын төв, Данийн дүрслэх урлагийн сан, Канадын үндэсний дүрслэх урлагийн галерей, Норвегийн контемпорари урлагийн төв, Нью-Йорк, Лондон, Парис, Хонг Конгод салбартай Дэвид Звэнэр галерей, Хонг Конг, Лондонд салбартай Росси Росси галерей, Берлин, Лайпцигт салбартай Галерей Айген зэрэг дэлхийд нэртэй музей, галерейн удирдлага, кураторууд олноор ирж монголын павильоны баг хамт олонтой уулзаж ярилцлаа. Ирсэн зочид үзэсгэлэнгийн талаар өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж Монголын дүрслэх урлаг улам их сонирхол татах болж судалгааны багаа явуулахыг хүсэж буй, түүнчлэн уран бүтээлч Ж.Мөнхцэцэг болон бусад Монгол уран бүтээлчдийн үзэсгэлэнг өөрийн музей, галерейн орон зайнд гаргахыг сонирхож байгаагаа илэрхийлж байв.     

Монголын үзэсгэлэнгийн талаар олон улсын хэвлэл мэдээлэлд 30 гаруй мэдээ, нийтлэл, ярилцлага гарсны дотор Хонг Конгийн South China Morning Post Монголын павильоны Гүнээс гүндүзэсгэлэнг Хамгийн сонирхол татсан Азийн 7 үзэсгэлэн”-гийн жагсаалтад 4 дүгээрт бичсэн бол, Лондон, Хонг Конгод төвтэй Ocula сэтгүүл онцлох 15 үзэсгэлэнгийн гэрэл зураг дотор багтааж, ОХУ-ын Del Arte сэтгүүл Чимээгүй хэрнээ чухал үзэсгэлэнгүүд нийтлэлдээ оруулж бичсэн байна. Мөн Италийн Artribune сэтгүүлд тус үзэсгэлэнгийн куратор Б.Гантуяатай хийсэн Венецийн биенналь дахь Монголын павильон “Урлаг ба сүнслэг оршихуйнэртэй ярилцлага гарчээ. Эдгээрээс гадна олон улсын Нью-Йоркод төвтэй Art News, Австрали, АНУ, Хонг Конгод төвтэй Art Asia Pacific, Италийн Artribune, In Venice Today, Японы Art News Japan, Африкийн Griot, Лондонд төвтэй Art Rabbit, Ойрхи Дорнодын Selections Art, Австрийн Esther Art Newsletter, Киргизийн Aki Press сэтгүүлүүдд тухайлсан мэдээ, нийтлэл, ярилцлага одоогоор нийтлэгдээд байна.    

Үзэсгэлэнгийн тухайд

Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн олон улсын биеннальд Монгол Улс “Гүнээс гүнд үзэсгэлэнгээр дөрөв дэх удаагаа оролцож байгаа юм. Уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн зөөлөн баримал, зүймэл цаасан бүтээл, видео ажил сэлт нь павильоны гурван өрөөнд таран байршсан ба эмэгтэй хүн болон амьтдын өөр өөр түүхийг хүүрнэж буй. Үзэсгэлэнгийн эхний танхим “Зээрийн зүүд” нэртэй сарайг санагдуулам орон зайнд мультимедиа өрөг ажлыг байршуулсан ба төмөр орон дээр хэвтэж буй тал биетэй зээрийн баримал, төөрсөн зээрийн янзаганы дүрс бичлэгтэй сүлэлдэн нэгэн цогц бие болон хувирахыг харуулна. Уран бүтээлчийн хорвоогийн бүхий л эд эс, амьд бүхэн нийлээд нэг сансар буюу бүхэл ертөнцийг бүтээсэн гэх утга бүхий “самсара”-аас улбаатай санаагаа “Сансрын бие” хэмээн нэрлэсэн нь “Судасны чимээ” нэртэй удаах танхимд тусгалаа олсон буй. Иймээс ч нэгэн цул гэдгийг илэрхийлэхийн тулд амьтны биеийг хүний биетэй нийлүүлсэн хайбрид баримлуудаа “сансрын биес” бус, “сансрын бие” гэжээ. Танхим дахь баримлууд оршин тогтнохын төлөөх хувьслын санааг агуулах ба зарим амьтныг хүн шиг гар хөлтэй, заримыг нь эрхтэн дутуу дүрсэлсэн аж. Сүүлчийн, “Дутуу төрөлт” хэмээх хавчуухан өрөөнд үр зулбахаас хамгаалан тэтгэх дом, зан үйлийг бэлгэдсэн “Умайг хамгаалагч шувуу” нэртэй бүтээлийг байршуулсан юм. Түүний үзэсгэлэн бүхэлдээ хорвоо ертөнцийн жам ёс, нигүүлсэн сэтгэл, илааршлын тухай өгүүлнэ. 

Үзэсгэлэнтэй хоршин тоглох дуу авиан бүтээлийн минимал, абстракт шинж чанар нь үзэгчдийн орон зайн болоод сүнслэг мэдрэмжийг эрчлэх ба эл бүтээл дэх хэл хуурын цуурайлах авиа нь зуурдын сүнстэй холбоо тогтоох зан үйлийг санагдуулах юм. Дуу авиан бүтээлийг тус үзэсгэлэнгийн куратор Б.Гантуяа уран бүтээлч Д.Даваасүрэнгийн хэл хуурын тололтоос хэсэглэн авч байршуулсан бол бичлэгийг Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа саяхан эхлүүлсэн VAST film and art post productions компани хийж өгчээ.

Монгол Улсын павильоны комиссараар Соёлын сайд Ч.Номин, куратораар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны үүсгэн байгуулагч Б.Гантуяа ажиллаж, төслийн үйл ажиллагааг Соёлын яамны санхүүжилтээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг, “Turkish Airlines” авиакомпани, “М-Oil Group”, “Iromax Group” ивээн тэтгэж, Итали дахь Монгол Улсын ЭСЯ, Монгол дахь Италийн ЭСЯ дэмжин ажиллажээ. Мөн төслийн хэрэгжилтийг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо гардан зохион байгуулж байгаа юм.

 

Венецийн 59 дэх удаагийн дүрслэх урлагийн олон улсын биенналь ирэх 11 дүгээр сарын 27-ныг дуустал үргэлжилнэ гэж Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос мэдээлэв.






Холбоотой мэдээ