Казах түмний амтат хоол “каз”

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-10 10:21:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Каз /казахаар-қазы/ бол казахын ард түмний хамгийн хүндэтгэлтэй хоолны нэг юм. Эрт дээр үед адууны махыг зуны улиралд муутгахгүй байх, удаан хугацаагаар хадгалах, холын замд авч явахад тохиромжтой болгох эрлийн үр дүнд энэхүү бүтээгдэхүүн бий болсон гэж үздэг. Одоо цагт казахын ард түмний нэрийн хуудас болсон брэнд, үндэсний хоол мөн юм.   


Казыг хийдэг өөрийн гэсэн уламжлалт технологи байдаг. Нэг адууны махаар 12 ширхэг каз /хавиргын тоогоор/ хийж болдог. Эхлээд адууны хавиргыг харвингийн хамт хосоор нь жигд зүсэж, давслаад 2-3 цаг байлгаж давсыг шингээнэ. Дараа нь адууны угааж цэвэрлэсэн нарийн гэдсэн дотор чихэж гүйлгээд, хоёр үзүүрийг нь нийлүүлэн бурантаг мод хатгаж, утсаар боож оосорлодог. Хоёр үзүүрийг нь утсаар холбоход өлгөж хатаахад зохимжтой дугуй хэлбэртэй болно.

Ингээд каз идэхэд бэлэн болсон үг биш. Эхний хэд хоног давс нь уусаж шингэтэл 12-14 хэмийн температуртай дулаан газарт байлгаж, дараа нь сэрүүхэн байранд багадаа 10 хоног өлгөөтэй байлгана.


Ийнхүү ардын өвөрмөц аргаар бэлтгэсэн казыг удаан хугацаагаар буюу ойндоо хүртэл чанаж идэж болдог. Казыг зөөлөн гал дээр ямар нэгэн нэмэлт амтлагч, давс хийхгүйгээр 2-3 цаг чанаж болгодог. Голдуу хүндтэй зочид, ахмад настай хүмүүс /аксакал/ ирэхэд чанаж, элдсэн гурил, сонгино, төмс, лууван зэргээр амталж иднэ.  


Ихэнх хүмүүс гаднах харагдах байдлаар нь ерөнхийдөө "каз" гэж нэрлэдэг боловч дотроо хэд хэдэн төрөлтэй. Каз гэж зөвхөн хавирганы махаар хийснийг нь хэлдэг. Харин адууны нарийн гэдсэнд чихэж амтлаад утсан адууны цул махыг "шужых" /нэг ёсондоо хиам/, бүдүүн гэдсэнд амталж чихээд, дээрх аргаар борцлохыг "харта" гэж нэрлэдэг.

Каз нь илчлэг ихтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогдоно. Эрдэмтдийн судалснаар маш төгс чанартай уургийн нэгдэлд тооцогддог. Физик, химийн шинж чанарын хувьд уураг 16 хувиас багагүй, тослог 45 хувиас ихгүй, илчлэг 490-520 ккал /100 г-д/ байдаг.

Мөн валин, фенилаланин, метеонин хүчил, цистин, аспаргин, серин, глютамин, тирозин хүчил зэрэг нь бусад маханд байдаг хэмжээнээс илүү байдаг аж.


Ер нь адууны мах шувуу, загасны махтай их ойролцоо түргэн шингэдэг тэжээллэг чанартай тул өвөл, сэрүүний улиралд идвэл ханиад, томуунаас сэргийлдэг байна.  


2000-аад оноос "Акбоар", "Казы харта" зэрэг компаниуд казыг үйлдвэрийн аргаар боловсруулж савлаад зах зээлд гаргаж байгаа. Үйлдвэрийн аргаар болгосон каз нь амт чанарын хувьд уламжлалт аргаар хийсэн казыг гүйцэхгүй боловч 30 хүртэл хоног хадгалж, аян замдаа авч явах, дэлгүүрт тавьж борлуулахад тохиромжтой болсон.

Монгол Улсад 2013 оноос "MNS 6391: 2013. Адууны махан уламжлалт бүтээгдэхүүн. Каз, карта, чужук, жал, жая. Техникийн ерөнхий шаардлага" стандартыг батлан үйлдвэрлэлд мөрдөж ажиллаж байна.  







Холбоотой мэдээ