Өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэн тоон гарын үсгээ таниулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-10 17:37:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2022 оны 5 дугаар сарын 10-ны байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 300 гаруй иргэн тоон гарын үсгийн гэрчилгээгээ авчээ.

Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс, харин тус аймгийн 15 суманд буюу анхан шатны нэгж дээр 5 дугаар сарын 9-нөөс эхлэн гэрчилгээ олгож байна.   

Тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатайгаар иргэн бүрд үнэгүй олгох бөгөөд иргэд гар утасны аппликейшн болон иргэний цахим үнэмлэхээ тоон гарын үсгийг тээгч байдлаар хэрэглэх ба энэ нь цахим орчинд зөвхөн тухайн иргэнийг таних төдийгүй гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд цахимаар төрийн үйлчилгээ авах боломжтой болох юм.

Иргэд тоон гарын үсгээ таниулснаар цаасгүй, хүртээмжтэй, цаг хэмнэсэн, түргэн шуурхай шийдлээр Монгол Улсын хаанаас ч өөрийн тоон гарын үсгээрээ төрийн үйлчилгээг авах ач холбогдолтой.  

Дундговь аймгийн иргэд тоон гарын үсгийг таниулахдаа аймгийн ЗДТГ-т байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн Нэг цэгийн үйлчилгээнд болон сумын улсын бүртгэгчид хандан өөрийн биеэр очиж хүсэлтээ гаргана.

Тоон гарын үсгийн хэрэглэгчдийн тоо 1 сая хүрсэн тохиолдолд иргэд хур болон дан системд зөвхөн тоон гарын үсгээрээ нэвтэрдэг болох ажээ.

Холбоотой мэдээ