Мазаалайн тэжээлийн савнуудад нэмэлт тэжээл тавьжээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-05-11 12:40:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Сэгс цагаан Богд уул орчмын мазаалайн тэжээлийн савнуудад нэмэлт тэжээл тавих биотехникийн арга хэмжээг авч, амьтан ажиглах, орчны бүсэд судалгааны ажлыг зохион байгуулжээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга,  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “МАМА” ТББ, Шинэжинст сумын байгаль хамгаалагч нарын зэрэг төлөөлөл хамтран дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Ажлын багийнхан нийт 28 шуудай хорголжин тэжээлийг Хөх дэрсний булаг, Сүүжийн булаг, Хатуу булаг, Хармагтай, Ишгэн толгой, Мухар задгай, Алтан тэвш гэх долоон цэгт, 11ш тэжээлийг саванд байршуулжээ. Мөн нэмэлт тэжээл тавих явцдаа мазаалайн эвдсэн торнуудыг засварлаж, үсний болон  ялгадасны дээж авах ажлуудыг хамтран хийсэн байна.

Мазаалай баавгайн тэжээлийн савнуудын дэргэдэх автомат камерын зургуудыг шалгаж үзэхэд, зарим цэгт мазаалай баавгай өдөр бүр ирдэг, зарим цэгт 2-7 хоногийн давтамжтай ирсэн, бусад амьтан чоно, ирвэс, хулан, хавтгай, янгир зэрэг амьтад тогтмол ирсэн зураг камерт бичигдсэн байжээ.