Гар утас, хэрэглэгчдийн судалгаанаас үзэхэд суурьшил хоорондын ялгаа багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-05-16 13:49:56
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт хүн амын гар утас, интернэт хэрэглээний талаарх сонирхолтой судалгааг гаргаж, аймгийн нийт хүн амын 85.3 хувь нь гар утас хэрэглэгч байна гэж аймгийн Статистикийн газраас мэдээлэв.

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн энэ цаг үед гар утас, интернэт нь хүн амын өдөр тутмын өргөн хэрэглээ болоод байна. Тиймээс бид энэ талын судалгааг хийгээд буй юм. Өнөөдөр аймгийн зургаа, түүнээс дээш насны хүн амын 85.3 хувь нь гар утас хэрэглэгч, 63.8 хувь нь интернэт хэрэглэгч болжээ. Энэ үзүүлэлтийг 2010 оны тооллоготой харьцуулахад гар утас хэрэглэгч 25.5 пунктээр, интернэт хэрэглэгч 42.0 пунктээр тус тус өссөн байна. Интернэт хэрэглэдэг хүн амын 47.4 хувь нь байнга хэрэглэдэг, 52.6 хувь нь шаардлагатай үедээ интернэт хэрэглэдэг байна Мөн гар утас хэрэглэгчдийн сумдын түвшнийг харьцуулахад сонирхолтой судалгаа гарсан. Тухайлбал, сумдын зургаа, түүнээс дээш настай хүн амд гар утас хэрэглэгчдийн эзлэх хувь Цагаанчулуут, Баянтэс, Алдархаан, Улиастай, Цагаанхайрхан, Отгон, Яруу, Цэцэн-Уул, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал сумдад аймгийн дунджаас өндөр байна. Харин Асгат, Их-Уул, Эрдэнэхайрхан сумын хүн амын гар утасны хэрэглээ доогуур байсан гэв.

 

Гар утас хэрэглэгчдийн эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байна

Гар утас хэрэглэгчдийг хүйсээр нь ангилж үзсэн.

Ингэхэд зургаа, түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн 86.5 хувь нь, эрэгтэйчүүдийн 84.0 хувь нь гар утас хэрэглэж байна. Гар утас хэрэглэж байгаа эмэгтэйчүүдийн эзлэх хувь 118 эрэгтэйчүүдээс 2.5 пунктээр илүү бол насны бүлгийн хувьд 70-аас дээш насны бүлэгт эрэгтэйчүүдийн дүнд эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс 13.7 пунктээр их байна. Гар утас хэрэглэгчдийг байршлаар нь ангилж үзэхэд төв, суурин газрын хүн амын 88.9 хувь нь, хөдөөгийн хүн амын 84.2 хувь нь гар утас хэрэглэгч байна. Хүн амын гар утасны хэрэглээ 2010 оны тооллогоор төв, суурин газарт хөдөөгөөс 22.3 пунктээр илүү байсан бол 2020 онд уг зөрүү багасч 4.7 пункт болжээ. Энэ нь техник технологийн хөгжлийн хурдацтай өсөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл, орчин үеийн харилцаа холбооны техник, технологи харьцангуй богино хугацаанд өргөн нэвтэрч суурьшил хоорондын ялгаа нь багасч байна гэсэн үг юм. Мөн хөдөлмөр эрхэлдэг хүн амын гар утасны хэрэглээг хүйсээр харвал эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хэрэглэж байгаа юм.

 

Интернэт хэрэглэдэг хүмүүсийн 52.6 хувь нь шаардлагатай үедээ л хэрэглэдэг

Интернэт хэрэглэгчдийн судалгаа мөн сонирхолтой байв.

Суурин эсвэл хөдөлгөөнт сүлжээгээр интернэтэд холбогдохыг интернэт ашигласан гэж тодорхойлоод, интернэт хэрэглэгчдийг байнга болон шаардлагатай үед хэрэглэдэг гэж хоёр хувааж үзсэн байгаа. Гэтэл зургаа, түүнээс дээш настай хүн амын 53.8 хувь нь интернэт хэрэглэдэг болжээ. Интернэт хэрэглэдэг хүн амын 47.4 хувь нь байнга ашигладаг байна. Интернэт хэрэглэдэг хүмүүсийн 52.6 хувь нь шаардлагатай үедээ буюу интернэт кафе, найз нөхөд, бусад хүмүүсийн интернэтэд холбогдсон шугамаар ашиглаж байгаа нь 2010 оны дүнгээс 14.0 пунктээр буурчээ. Харин аймгийн сумуудын судалгаанаас үзэхэд, Яруу, Эрдэнэхайрхан, Их-Уул сум хамгийн бага хувьтай, Ургамал, Улиастай, Тэс сум суурин газрын интернэт хэрэглээ бусад сумтай харьцуулахад харьцангуй их байна. Интернэт хэрэглэгчдийг байршлаар нь авч үзэхэд төв суурин буюу сум, аймгийн төвд амьдарч буй хүн амын 62 хувь нь, хөдөөд амьдарч буй хүн амын 51.4 хувь нь интернэт хэрэглэдэг болжээ. Энэ тоог 2010 онтой харьцуулбал хөдөөгийн хүн амын интернэтийн хэрэглээ 46.4 пунктээр, хотын хүн амын 32.4 пунктээр тус тус өссөн байна гэж аймгийн Статистикийн газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ