Ж.Мөнхбат: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барьсан тохиолдолд хэлэлцэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-16 11:39:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн Т.Доржхандыг хүлээн авч уулзан, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагад нь хариу өглөө.


Уулзалтын эхэнд байнгын хорооны дарга Ж.Мөнхбат шаардлагын заалт тус бүрээр хариуг нь танилцуулав.


Нэгдүгээрт, сонгуулийн мажоритар системийг өөрчлөн, пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоо руу шилжих асуудал. Энэ асуудлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр ч хүчтэй ярьж байгаад мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах болсон байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг бид нээлттэй ярилцах боломжтой. Одоогоор УИХ-д шинэ Үндсэн хуулийн төсөл юм уу нэмэлт өөрчлөлт орж ирээгүй байна. Хэрэв хуулийн дагуу төсөл ороод ирвэл хэлэлцэх боломж байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд, “Улс төрийн нам шинээр байгуулахдаа нийт иргэдийн 1 хувийн санал авна” гэсэн заалт нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан гэдэг асуудлыг хөндсөн байна. Өөрөөр хэлбэл, одоо Монгол Улсад үйл ажиллагаа бүх улс төрийн намууд өмнөх зохицуулалтаар буюу 800 хүний гарын үсгийг цуглуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр үндсэндээ 23 мянган хүний гарын үсэг цуглуулахаар болсон нь тэгш бус байдлыг бий болгож, Үндсэн хуулийн зөрчлийн шинжтэй байна гэдэг асуудлыг хөндсөн байгаа юм. Үүнийг улс төрийн олон нам хөндөж байгаа.

Гуравдугаарт, Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс Үндсэн хуульд нийслэлийн нэрийг тухайлан заахаас татгалзаж, эдийн засгийн тулгуур төв хотуудыг байгуулах боломжийг бүрдүүлэхийг шаардсан байна. Нийслэлийн утааг арилгах, түгжрэлийг бууруулахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэх асуудал яригдаж байгаа. Энэ үед бүсчилсэн хөгжлийн тулгуур төв, эдийн засгийн, аялал жуулчлалын, хөдөө аж ахуйн, аж үйлдвэрлэлийн хотыг бий болгох боломж байгаа юм. “Монголын эдийн засгийн форум-2022”-ын үеэр ч энэ асуудлыг хөндсөн бөгөөд нарийвчлан хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тоог бууруулан, төрийн захиргааны зардлыг бууруулах, зах зээлийг зохиомол  хил хязгааргүйгээр нэгтгэн орон нутагт бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэхийг шаардсан. Өөрөөр хэлбэл, зарим жижиг засаг захиргааны нэгжийг нэгтгэх талаар бид хамтран ажиллах боломжтой. Гэхдээ хуулийн нэг зохицуулалт байгаа. Тухайн орон нутгийн ИТХ хуралдаад зөвшөөрсөн нөхцөлд нэгтгэх боломж бүрдэнэ. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөрөөр буюу холбогдох журмын дагуу шийдвэрлэх боломж байгаа.

Тавдугаарт, аливаа хотын даргыг тухайн орон нутгийн иргэдийн саналаар сонгодог болохыг шаардсан. Энэ асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх боломж бий. Мөн парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлаар иргэдээс санал авахыг шаардсан. Анх ардчилсан Үндсэн хуулийг баталж байхад Монгол Улсын нийт сонгогч 1 сая байсан бол өнөөдөр 2.3 сая болсон байна. Тэгэхээр дэлхий дээр парламентын гишүүдийн тоогоороо хамгийн цөөнд ордог. Үүнээс үүдэн төлөөллийн зарчим алдагдаж байна гэдгийг улс төрийн олон нам хөндөж байгаа. Тиймээс энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжтой боловч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан үед л ярих ёстой зүйл. УИХ-ын гишүүд сайдаар ажилладаг байх эсэх талаар ард түмнээс санал авахыг мөн шаардлагад тусгасан байна. Парламентад 39 байж ирц бүрддэг. Өөрөөр хэлбэл, 39 гишүүнээс 20 гишүүн л парламентын бүх шийдвэрийг гаргах боломжтой болж байгаа юм. Гэтэл манайд 19 сайдтай Засгийн газар байсан шүү дээ. Тэгэхээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ орж ирээд л бүх асуудлыг шийдээд байна гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр орж ирвэл хамт хэлэлцээд явах боломжтой. Ерөнхий сайдыг дэмжих олонхгүй болсон тохиолдолд Ерөнхий сайдын саналаар Ерөнхийлөгч УИХ-ыг тараах талаар санал асуулга зохион байгуулахыг мөн шаардсан байгаа. Тэгэхээр судлаач нар парламентын засаглалыг бэхжүүлэх Үндсэн хуулийн суурь үзэлтэй нийцэхгүй гэж үздэг. Түүнчлэн Ерөнхийлөгчийг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас сонон ирүүлэх төлөөлөгчдийг оруулан, парламентын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох. Өөрөөр хэлбэл, УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын бүрэлдэхүүнээс сонгох хувилбар дэвшүүлсэн. Энэ бол парламентын засаглалтай улс орнуудын жишиг. Манайх бол бүх ард түмний саналаар сонгож байгаа. Үүнийг нээлттэй хэлэлцэх боломжтой хэмээн хариултад онцлов.


Мөн тэрбээр, “Аливаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийгмийн зөвшилцлөөр шийдвэрлэх ёстой. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Үндсэн хуульд тусгайлан заасан байгаа. Тиймээс энэ бүх шаардлагаа хангаад, УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулж, гишүүдийн гарын үсгийг цуглуулах боломжтой” гэлээ.


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг олон иргэд дэмжиж буйг УИХ-ын гишүүн Т.Доржханд онцоллоо. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо эдгээр шаардлагад тусгасан асуудлыг нээлттэй хэлэлцээд явах боломжтой хэмээн үзэж байгаа тул цаашдаа үргэлжлүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Тэрбээр, “УИХ-д АН 11, ХҮН нам 1 суудалтай байгаа. Мөн хоёр бие даагч гишүүн бий. Өөрөөр хэлбэл, цөөнх ердөө 14 хүний гарын үсэг цуглуулах боломжтой тул бид төслөө боловсруулаад УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулахын төлөө явах болно” хэмээв.

Холбоотой мэдээ