Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан “Ногоон төгөл” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-16 19:02:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан 108 мод бүхий ногоон төгөл байгуулах санаачилга гаргажээ.

Тодруулбал,  “Амьд ногоон хаалга биднийг угтана” уриан дор Ховд аймгийн төв рүү орох, гарах замын хоёр талд 10 мянган мод тарьж, “Олон ястны угтах хаалга” болгох санаачилга орон нутагт амжилттай өрнөж буй. 

Уг ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан, “Түмэн модот хаалга” ТББ-аас хэрэгжүүлж байгаа. Үүний нэг хэсэг болгон 108 мод бүхий ногоон төгөл байгуулахаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн ИТХ-ын ажлын алба, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд нэг  модыг  гурван жилийн хугацаанд арчилж, ургуулах зардлын мөнгийг "Түмэн модот хаалга ТББ"-ын төлөөлөлд гардууллаа.   

Учир нь “10 мянган мод-Олон ястны угтах хаалга” хэмээх санаачилгыг анх Дэлхийн байгаль хамгаалах санд гэрээгээр ажилладаг 10 жолооч эхлүүлж, "Түмэн модот хаалга ТББ"-аар дамжуулан хамтдаа хөдөлмөрлөж буй.   

2017 онд анхны модны суулгацаа тарьж байсан бол таван жилийн хугацаанд  долоон км газарт тор татаж, дөрвөн төрлийн 8200 орчим мод тарьсны 90 гаруй хувь нь ургасан байна.  

Модыг арчлах хамгаалах тал дээр байгаль орчны салбар байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран ажилладаг ба усалгааны асуудлаа дуслын усны системээр шийджээ. Ингэхдээ долоо хоногт хоёр удаагийн усалгаа хийх замаар модоо арчилж, ургуулж байгаа нь үр дүнгээ өгч байгаа аж.   

Энэ хавар л гэхэд 580 м газарт зам дагуу гурван эгнээ улиас, хайлаас, голт бор гэсэн 1068 мод тарьжээ.  

 

Холбоотой мэдээ