“Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-17 16:55:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд УИХ-д уг төслийг өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөл нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсон байна. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол үзэл баримтлал нь шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг хоёр хувааж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан гэж заагласан. Энэ нь дээр дурдсан хууль зөрчигдөж, алдаа эндэгдэл гарвал хэргийг бүрэн шийдвэрлэж дууссан хойно бус шүүхээс хэргийг урьдчилан цаг алдалгүй прокурорт буцаах замаар алдааг залруулах тусгайлсан үе шатыг бий болгосонд оршино. Гэтэл 2019 онд анхан шатны шүүх 26 897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаасан, 2020 онд 13 470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан гэх тоо баримтыг төсөл санаачлагч танилцууллаа. Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна. Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ. 


Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө буюу шүүхийн шатанд тухайн шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдэж орсон прокурорын “хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн” тайлбаргүй саналыг үндэслэж буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүх эрх мэдлийн агуулга, эрүүгийн эрх зүйн суурь болсон гэм буруугийн зарчимд нийцэхгүй бөгөөд шүүгч, прокурорт авилга өгөх, шүүхээс хэргийг үнэн бодитойгоор шийдвэрлэх боломжийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Давж заалдах шатны шүүх 2019-2020 онд нийт 4988 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 502 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 269 хэргийг прокурорт буцаасан байна. Харин Дээд шүүх 2019-2020 онд 1359 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээр 43 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 71 хэргийг прокурорт буцаасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн процесс хуульд заасан шударга ёсны зарчим хэрэгжихгүй байгаагийн илрэл хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.


Шүүхийн практикт шүүх, прокурорын байгууллага эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаалтай хүмүүс, улс төрд нөлөө бүхий этгээдийн дарамт шахалтад орох, авилгын сүлжээ бий болгох, хэргийг сунжруулсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах үндсийг бий болгож байна. Нөгөө талаар мөрдөгч, прокурор нь нэгэнт шүүхээс буцаадаг заалт байгаа юм чинь гэсэн хайнга сэтгэхүйгээр дутуу шалгасан, хэргийн бодит байдал бүх талын нотлох баримтаар нотолж чадаагүй хэргийг "шүүхээс чиглэл авчихья" гэдэг байдлаар шүүхэд шилжүүлж, улмаар тодорхой чиглэл авч буцаалган тэр чиглэлийнхээ хүрээнд дахин ажиллагаа хийдэг хариуцлагагүй практик хөгжих үндэс болсон гэж үзжээ.


Яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан "ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх", мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг эрхтэй. Харин шүүх хуралдаанаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэж зүйлчлэлийг хүндрүүлэх эсхүл шинээр ял сонсгохын тулд шүүхийн шатанд хэргийг прокурорт буцаах ерөнхий зохицуулалтыг хэрэглэж байгаа нь яллагдагч дээрх эрхээ бодитойгоор эдлэх боломжийг хязгаарлаж байгаа. Иймд Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах нэн тодорхой зохицуулалтыг шинээр бий болгож болох юм гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 20-нд зохион байгуулсан бөгөөд ХЗДХЯ, УПЕГ, ХЭҮК, АТГ, ЦЕГ, ШШГЕГ-ын төлөөлөгч оролцсон байна. Улмаар ажлын баг энэ сарын 16-нд хуралдаж, дээрх байгууллагуудаас ирүүлсэн саналыг зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор найруулан төсөлд тусгахаар бэлтгэсэн байна. Тухайлбал, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдлыг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах саналыг бэлтгэн томьёолжээ. Ажлын багийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ