Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 105 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-05-17 17:12:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж, мод тарих үйл ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал аймгийн хэмжээнд хаана ямар байршилд, ямар зохион байгуулалтаар, хэчнээн мод тарьж, хэчнээн га талбайг зүлэгжүүлэх талаар танилцуулсан юм.

“Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын зурвас байгуулан, 10 жилийн хугацаанд нийт 20 сая мод тарьж ургуулахаар зорин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 105 мянган мод тариад байна.

Иргэд тухайлан заасан байршилд зүлэг, мод тарьж ургуулсан тохиолдолд 1м2 талбайд төрөөс 5000 төгрөгөөр урамшууллын дэмжлэг үзүүлнэ.

Шинээр эзэмшсэн болон газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн иргэн, ААНБ нь эзэмшсэн болон шилжүүлж авсан газрынхаа 10 хувьтай тэнцэх талбайд тусгайлан заасан газарт ногоон байгууламж бий болгох юм.

Газрын доройтол, хөрсний бохирдол, шар шороон шуургын сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль дэлхийгээ авран хамгаалах, экологийн боловсрол олгох ажлын хүрээнд “Тэрбум модны үр” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд “Шидэт модны үр” хүүхдийн драмын жүжгийг тайзнаа тавихаар Залуучууд театрын уран бүтээлчид ажиллаж байна.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр болон аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд, ААНБ-ын төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ