Монгол Улсын Ерөнхийлөгч “Тужийн нарс”-нд шинэ тарьцуудыг суулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-17 22:05:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Тужийн нарс”-нд шинэ тарьцуудыг суулган өөрийн хувь нэмрээ орууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ажиллалаа. Ажлын айлчлалын эхний өдрөө төрийн тэргүүн тус аймгийн Мандал, Баянгол суманд ажилласан бол өнөөдөр Ерөө сумын “Доолт” ХХК-ийн тариалалтын талбайд очиж хаврын тариалалтын үйл явцтай танилцаж, тариаланчдын төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тариалангийн бүс нутагт тулгамдаж байгаа асуудал болоод "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг болох боломж, давуу талуудыг төрийн тэргүүнд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч "Бид үйлдвэрлэгч, бүтээгч улс болох ёстой. Хүнсний хэрэглээгээ дотооддоо бүрэн хангаж чаддаг байх учиртай. Монгол Улсыг хүнсээр хангахад гол үүрэгтэй аймаг бол Сэлэнгэ" гэдгийг уулзалтын үеэр онцлон хэлсэн.

Ерөө суманд ажиллах үеэрээ төрийн тэргүүн тариалангийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах ажилд гар бие оролцож, улиас, бургас, нарс модыг ойн ангийнхантай хамтран тарилаа. Тариалангийн бүс нутагт тулгамддаг гол асуудлуудын нэг нь тарилангийн талбайг хамгаалах, хашаажуулах бөгөөд Сэлэнгэ аймгийн зарим аж ахуйн нэгжүүд байгальд ээлтэй эко байдлыг чухалчлан ойн зурвас байгуулж эхлээд байгаа юм. 



Холбоотой мэдээ