АНУ-ын шинжээчид “China Eastern Airlines”-ийн онгоцны ослын мэдээллийг хэвлэлд өгөөгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-18 15:21:54

БЭЭЖИН. /Global Times/. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ-д осолдсон “China Eastern Airlines компанийн онгоцыг зориудаар осолдуулсан байж магадгүй гэх мэдээлэл гарсан.


Үүний хариуд БНХАУ-ын Иргэний нисэхийн газраас мэдээлэхдээ, АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөс ослын мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны талаар ямар нэгэн мэдээлэл хэвлэлд өгөөгүй гэдгийг мэдэгдсэн гэв.


“АНУ-ын мөрдөн байцаагчид мөрдөн байцаалтын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бөгөөд Хятадын Иргэний нисэхийн газартай нягт хамтран ажиллаж, ослын шалтгааныг тодруулахад шаардлагатай мэргэжил, техникийн туслалцааг үзүүлж байна” хэмээн Хятадын төрийн өмчийн “Global Times сонинд мэдээлжээ.


Мөн “Олон улсын иргэний нисэхийн конвенц”-ийн холбогдох шаардлагын дагуу мөрдөн шалгах багт АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлийг онгоцыг зохион бүтээж, үйлдвэрлэсэн улсын хувиар орж ажиллахыг урьсан байна.


АНУ-ын “Wall Street Journal сонин мягмар гарагт тус онгоцны сүйрэл нь хэн нэгэн санаатайгаар үйлдсэн болохыг харуулж байна хэмээн мэдээлсэн юм.


Хятадын “China Eastern Airlines компанийн “Boeing 737-800 загварын В-1791 дугаартай онгоц 3 дугаар сарын 21-ний өдөр Куньмин хотоос Гуанжоу хот руу аялаж байхдаа 8900 метрийн өндрөөс хурдацтай доошилж, Гуанши Жуаны өөртөө засах орны У Жоу хотын ойролцоо осолдсон ба онгоцонд явсан 123 зорчигч, нисэх багийн 9 гишүүн бүгд амь үрэгдсэн.

 

Холбоотой мэдээ