С.Буд: Сарын хугацаанд урладаг болохын тулд 20 жилийг зарцуулсан

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2022-05-18 16:51:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран хатгамалч М.Ганболд, Улсын уран хатгамалч СТА С.Буд нарын гэр бүлийн уран бүтээлчид “Хос шаглаа” үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейд өнөөдөр дэлгэлээ.

 

Энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд хос шаглаачид Монголын уламжлалт соёлын үнэт өв уран хатгамал зүү ороох, зээгт наамал, зоосон ширээний сүлжмэл, шүр сувдаар урласан бүтээлүүдээ дэлгэжээ.

 

Уран хатгамлыг хойч үедээ танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, өөрсдийн мөрөөдөлдөө зорилготой, тууштай хөдөлмөрлөсний үр дүнд энэхүү үзэсгэлэнгийн гол бүтээл “Алтан соёмбо”-ыг бүтээсэн гэдгийг уран бүтээлч гэр бүл онцолж байна. Үзэсгэлэнгийн үеэр уран хатгамалч С.Будаас дараах асуултад хариулт авав.

 

-Хэзээнээс анх үйл мэтгэж эхлэв. Нэг гэр бүлийн хүмүүс хамтдаа уран хатгамлаар үзэсгэлэн гаргаж байгаа нь сонирхол татаж байна?

 

-Миний хань М.Ганболд Өвөрхангай аймагт төрсөн. Багаасаа зураг зурах сонирхолдоо хөтлөгдөн аймгийнхаа Уянга хийцээр гэрийн мод, тавилга хээлж ирсэн. 2009 оноос зүү ороох, зоосон ширээний сүлжмэлээр уран хатгамлын урлагт хөл тавьсан. Би Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат. Миний хувьд уран хатгамлыг сургуульд байхдаа хөдөлмөрийн хичээлээс сурсан. 1998 оноос зүү ороох хатгамлыг, 2007 оноос уран бүтээл болгон туурвиж байна.  

 

-Та хоёрын урласан хатгамлууд үнэхээр хараа булааж байна. Үзэсгэлэнгийн онцлох бүтээлийн тухайд?

 

-“Өндөр гэгээн Жанлавцогзол” бүтээлээ бид хоёр сая дуусгаад ирлээ. Мөн “Алтан соёмбо” бүтээл маань 2022 онд Богд хааны ордон музей, “Мандчирын наран” ТББ хамтран зохион байгуулсан уран хатгамлын уралдааны “Хаан бүтээл”-ийн эзнээр шалгарсан. Өндөр гэгээний бүтээсэн хэвтээ дөрвөлжин бичгээр “Жанлавцогзол” гэсэн номыг нь миний хань урласан. Харин би Өндөр гэгээний дүрийг урлаж хамтын бүтээлээ үзэсгэлэндээ зориулан урлаж дуусгасан.


-Маш олон оёдол, хатгамлаар чимсэн энэ бүтээлийг хэдий хугацаанд урласан бол гэж өөрийн эрхгүй санагдлаа?

 

-Богд хааны ордон музейн 2 дугаар сард гаргасан уран хатгамлын үзэсгэлэнгээс хойш өдөр шөнөгүй сууж урлалаа. Мөн Дондогдулам хатны малгайг сувдаар үзэсгэлэндээ зориулан урласан. “Жанлавцогзол” ном энх амгалан байх, төр түвшин байхын тухай билэгдэлтэй юм билээ. Эхлээд соёмбо үсгээр урлахыг бодож байсан боловч хэвтээ дөрвөлжин бичгээр үзэсгэлэнд залраад байна. Зүү ороох хатгамлаар зээгт наамалтай хослуулан металл утсаар урласан. Өндөр гэгээн Занабазарын хуучны зургийг бидний найз, шүтээн урлагийн н.Сэрээтэр зурж өгсөн. Хэвтээ дөрвөлжин соёмбо бичгийг лам найз н.Батбаяр зурж өгсөн. Энэ цаг үед соёмбо үсгийг бичдэг улс цөөхөн байдаг юм билээ.

 

-Сонирхож асуухад сувдан малгайныхаа сувдыг тоолж үзэв үү?

 -Тоо ширхгийг нь гаргаж үзлээ. 8500-аад сувд орсон. Дээд талын сампинд 200 сувд орсон. Сувдаа хэлхэж байгаад, нэг бүрчлэн хатгаж урласан. Металл утсаар сүлжмлэлийг нь сүлжсэн, бэлэн зүйл нэг ч ороогүй. Одоогоор дутуу байгаа. Сар гаруй хугацаанд урласан. Сарын хугацаанд урладаг болохын тулд би 20 жилийг зарцуулсан. Цаг хугацаа зарцуулж байж энэхүү танхимд ийнхүү үзэгчдэд хүрч байна. Тухайлбал, “Алтан соёмбо”-ыг гэнэт бүтээсэн юм шиг ойлгодог. Гэвч тийм биш. “Алтан соёмбо”-ыг бүтээхийн тулд маш олон хүний санаа оноо, зүрх сэтгэл, ур чадвар 20 жилийг туулсан гэдгийг хэлмээр байна.


-Эрэгтэй хүн уран хатгамлаар хатгадаг нь маш цөөхөн байх. Монголдоо анхдагч гэр бүл гэж ойлгож болох уу?

 

-Нэг гэр бүлийн хатгамлын уран бүтээлчид одоогоор байхгүй гэж хэлж болно. Манай үндэсний уламжлалт зээгт наамлын хатгамал бол олон цагаар сууж байж тэсвэр тэвчээр шаарддаг. Өөрсдийнх нь нүүдэлчин ахуйд таарсан бат бөх чанартай. Миний хувьд шантарсан цаг үе бий. Эрэгтэй хүн хатгамал хийгээд сууна гэхээр маш их тэвчээр шаарддаг. Манай хүн зураг зурдаг учраас өөрийнх нь сонирхол нөлөөлдөг. Зургаа бүтээл дээр өөр өнцгөөр буулгаж байгаа нь сонирхолтой байдаг болов уу. Манай хүн уран хатгамлыг хатгаад 10-аад жил болж байна.

 

-Уран хатгамлыг ээж ааваасаа өвлөсөн үү?

 -Миний аав дархан хүн, ээж гартаа уртай хүн байсан. Мөн амьдралынхаа явцад Өмнөговь аймгийн уран Будваа гэдэг хүнтэй таарч шавилж явсан. Улаанбаатар хотод 2013 онд Монгол Улсын уран хатгамалч, гавьяат С.Цэрмаа багш дээрээ очиж уран бүтээлийнхээ мэлмийг нээж, бурхан багшийг зүү ороож урласан.

 

-Уламжлалт уран хатгамлыг түгээн дэлгэрүүлж яваа хүний хувьд зүү ороох хатгамлаар хэчнээн бурхан бүтээв?

 -Зүү ороох хатгамлаар хань бид хоёр “Ногоон дарь эх” болон бурхан багш бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээтэй. Зүү ороох хатгамалдаа үнэхээр хайртай. Хатгамлыг юу ч чадахгүйгээс эхлээд энэ хэмжээнд хүртэл урлахдаа маш их зүйлийг сурч, мэдсэн. Тиймээс зүү ороох хатгамлаар монголынхоо өв соёлд ямар хувь нэмэр оруулах вэ хэмээн бүтээл болгож үлдээхээр шийдсэн. Зүү ороох хатгамал уламжлалаараа даалин эдлэлд үлдсэн байдаг. Харин бүтээлд үлдээхийг зорьж “Ногоон дарь эх”-ийг бүтээсэн. Мөн бурхан багш бүтээсэн. Түүнчлэн цэвэр шижир алтыг найз маань утас болгож өгсөн. Түүгээр “Баян Намсрай” бурхны гоёл чимэглэлийг зүү ороож хатгасан. Зүү ороосон бүтээл бүр өөрийн онцлогтой байж цаашид өв болж үлдэх болов уу хэмээн чин сэтгэлээ зориулж явдаг.

 

-Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ зарж борлуулах уу?

 -Бүгд эзэнтэй байдаг, бүгдийг нь хүнээс гуйж авчирсан. Энд зарах бүтээл нэг ч байхгүй. Манай багш, “Чамд нэг ч бүтээл үлдэхгүй байвал өөрийгөө уран болжээ гэж бодоорой” гэж хэлж байсан. 


-Энэхүү үзэсгэлэнгээр юуг харуулахыг зорив?

 -Монголын уламжлалт өв соёл, тэр дундаа гар урлалын хатгамлыг энэ цаг үед бид ингэж авч явж байна. Уран хатгамал сонирхдог охид энэхүү үзэсгэлэнд ирээд энэ хатгамалчид хатгамлыг 20-иод жил оёжээ. Тухайлбал, “Алтан соёмбо” бүтээлийг үзээд шантрахгүй, тууштай зүтгээсэй гэж үзэсгэлэнгээ дэлгэсэн.





 

Холбоотой мэдээ