Төвбанк арилжааны банкны дотоод шийдвэрт оролцдоггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-20 09:51:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингис хаан банкны зээлийн барьцаатай холбоотойгоор Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ. Үүнд, сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чингис хаан банкны зээлийн барьцаанд хураасан хүнсний агуулахыг хэт өндрөөр үнэлэн, НДЕГ-ын өр төлбөрт тооцон, шилжүүлэх ажилд Монголбанк оролцож байгаа мэтээр буруу ташаа мэдээ, мэдээллийг тараах боллоо.

Монголбанк нь Төв банк /Монголбанк/ тухай хууль болон Банкны тухай хуулийн дагуу банкны үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар ханган хянаж ажилладаг. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэх, түүний үнэлгээг тогтоох, хураасан хөрөнгийг захиран зарцуулах зэрэг банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй. Харин харилцагчаас зээлийн төлбөрт санал болгож буй томоохон хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлага тавьж ажилладаг.


Монголбанк арилжааны банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй. Ялангуяа зээлийн барьцаа хөрөнгөтэй холбоотой  хэлцэл, зүйлд Төв банк хөндлөнгөөс оролцдоггүйг мэдэгдлээ. 



Банк зээлдэгчтэй харилцан тохиролцож түүний хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх замаар зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулах, тухайн хөрөнгийг худалдан борлуулах арга хэмжээ авдаг. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг, нийтлэг харилцаа юм. Банкны салбарын хувьд энэхүү харилцааг Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний А-294/340 дугаар бүхий хамтарсан тушаалаар баталсан “Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын 4.5 дахь хэсэг, 2019 оны 6 дугаар сарын 10-ны А-155/134 дүгээр хамтарсан тушаалаар мөн баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.5 дахь хэсгээр тус тус зохицуулсан.

Тус банк агуулахыг зээлийн төлбөрт тооцон авахдаа хөндлөнгийн байгууллагаар үнэлгээг гаргуулж, холбогдох журам, зааврын хүрээнд хийсэн банкны дотоод үйл ажиллагаа, зээл төлүүлэх, хөрөнгө худалдах хэлцэлд Монголбанк хөндлөнгөөс оролцоогүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

Холбоотой мэдээ