Орхон, Булган аймаг хамтран “Хангинахуйн шугуйн шагайн тойром” соёлын үйл ажиллагааг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-20 16:51:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Булган, Орхон аймаг хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, энэ сарын 21, 22-нд болох “Хангинахуйн шугуйн шагайн тойром” соёл урлагийн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Орхон, Булган аймаг 2020-2024 онд хамтран ажиллах гэрээ байгуулж 14 чиглэлээр 71 арга хэмжээ хэрэгжүүлэхээс аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотой хэд, хэдэн заалт тусгагдсан байдаг. Үүний хүрээнд энэ жил “Хангинахын шугуйн шагайн тойром” соёл урлагийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байна.  

Дөрвөн зуу гаруй жилийн түүхтэй тус шагайн тойром нь сүүлийн 7 жил Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Хангинахын шугуй хэмээх газар болж байгаа. Монос цэцэглэх цагаар болдог онцлогтой уг тойромд энэ жил үндэсний бөхийн барилдаан, хоёр аймгийн урлаг соёлын байгууллагын хамтарсан тоглолт, үдшийн цэнгүүн зэрэг олон үйл ажиллагаа болох юм. 
Шагайн тойромд чансаа өндөртэй бүхий л шагай харваачид оролцдог бөгөөд улсын наадмын шагайн харвааны дараа орох томоохон баяр болдог гэдгээрээ онцлог.

Мөн 128 бөхийн барилдаан болно. Үүнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж байгаа юм.

Барилдааны бүртгэл Хангинахын шугуйн шагайн тойром болох газарт 21-ний өглөө 09.00-11.00 цагийн хооронд болно. Барилдаан болох газар Орхон аймгаас 115 километр, Булган аймгийн төвөөс 175 километрт Эгийн голын эрэгт оршдог.

Иймд тус соёл урлагийн үйл ажиллагааг үзэж сонирхохоор ирсэн иргэд хувийн бэлтгэлээ хангаж ирэхийг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байлаа.

Мөн тус газарт Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын эргүүл, хамгаалалтын баг ажиллана. Түүнчлэн хоол үйлчилгээний газрууд үйлчилгээ үзүүлж, аймгуудын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах бөгөөд иргэд, жуулчид амарч тухлах бүхий л боломжийг хангасан байгаа ажээ. 

 

Холбоотой мэдээ