“Хангинахын шугуйн шагайн тойром-2022” боллоо

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-05-23 21:46:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аялал жуулчлалын том үйл ажиллагаа “Хангинахуйн шугуйн шагайн тойром-2022” Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Хангинахын шугуйд боллоо. Булган, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан энэ жилийн үйл ажиллагаанд шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан, Булган, Орхон аймгийн хөгжимт жүжгийн театр, “Эрдэнэт дуу бүжгийн чуулгын хамтарсан урлагийн тоглолт боллоо.

Шагайн харвааны багийн төрөлд нийт 45 багийн 410 харваач оролцсоноос Монгол Улсын мэргэн Т.Сонинбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн “Ихэр эрхт говь” баг тэргүүн байр, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Ерөө гол” баг дэд байр, аймгийн гоц мэргэн Л.Пүрэв-Очир ахлагчтай Төв аймгийн “Догшин сүлд” баг гутгаар байр, Аймгийн гоц мэргэн Б.Одбаяр ахлагтай “Түмэн түрүү” баг тусгай байрыг тус тус эзэлсэн байна

Шагайн цуваа харвааны төрөлд 216 харваач цэц мэргэнээ сорьсноос Булган аймгийн Хангал сумын уугуул улсын гарамгай мэргэн Ч.Ирээдүй түрүүлж удаах байруудад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын залуу харваач Ж.Амарсанаа, Дорноговь аймгийн залуу харваач Ч.Батням нар шалгарлаа.

Шагайн харваан Хавчаахай харвааны төрөлд Монгол Улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн Р.Бумбага ахлагчтай Тэшиг сумын "Буурал аав" баг тэргүүн байр, С.Дэлгэрбат ахлагчтай Бугат сумын "Хан жаргалант", аймгийн гоц мэргэн Ч.Лхагва ахлагчтай Булган сумын "Ханд ван" баг удаах байруудыг эзэллээ.

Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаанд улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэлээ.

Холбоотой мэдээ