Вируст гепатит болон элэгний хавдрыг эрт илрүүлэх үзлэг үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-24 13:36:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Ротари сангийн санхүүжилтээр, "Файр" ТББ-тай хамтран Сүхбаатар аймагт вирус гепатитын эрт илрүүлэг, элэгний хавдрын урьдчилан сэрийлэх үзлэгийг "Гепатитгүй Монгол" төслийн хүрээнд эхлүүлсэн. Одоогоор 1100 гаруй иргэнд шинжилгээг хийснээс 100 гаруй иргэн В, 60 орчим иргэнд С вирус илэрсэн байна. Эдгээр иргэд дотроос хавдрын сэжигтэй зургаан тохиолдлыг илрүүлжээ.


Тус аймагт хэрэгжиж буй "Вируст гепатит болон элэгний хавдрыг эрт илрүүлэх" төслийг албан ёсоор нээж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл уг үйл ажиллагаанд оролцсон юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь урилгаар ирж оролцсон бөгөөд тэрбээр хэлэхдээ, Сүхбаатар аймгийн бүх суманд элэгний В, С, B+D вирусийг илрүүлэх шинжилгээ хийлгэж, вирус илэрсэн тохиолдолд шууд эмчилгээнд хамруулах хөтөлбөрийг эхлүүллээ.

Энэ оны эцэс гэхэд С вирусгүй Сүхбаатарчууд болох зорилтыг тавин ажиллаж байна. Энэхүү үзлэг шинжилгээнд даатгалгүй иргэдийг ч хамруулахыг зорьж байгаагаараа онцлог юм. Сүхбаатарчуудын эрүүл мэндийн төлөө хамтран ажиллаж байгаа Улаанбаатар Ротари сан, АШУҮИС, Улсын нэгдсэн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монголын Гастроэнтрологийн холбоо, Японы Сагагийн их сургуулийн элэгний төв, ХСҮТ-ийн эрдэмтэн, эмч нарт гүн талархал илэрхийлье. Аймгийнхаа нийт иргэнийг идэвхтэй, өргөнөөр хамрагдахыг уриалж байна гэв.

Дээр хэлсэнчлэн нарийн мэргэжлийн эмч нар 14 хоног тутамд ирж, шинжилгээ өөрчлөлттэй гарсан болон вирус илэрсэн иргэдэд эхо болон элэгний хатуурлыг тодорхойлох зэрэг нарийн үзлэг, оношилгоог хийх юм.

Сүхбаатар аймгийн бүх суманд илрүүлэг оношилгоог хийнэ. 

Холбоотой мэдээ