Бичигт боомтын үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд шаардлагуудыг биелүүлэхэд бэлэн гэв

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-05-25 14:21:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Бичигт боомт өнөөг хүртэл нээгдээгүй байгаа. Уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ гадагш гаргаж чадахгүй байгаатай холбоотойгоор татварын орлого төвлөрөлт удаашралтай, цаашлаад эдийн засаг хүндрэх нөхцөл байдал үүсжээ. Тиймээс орон нутгийн зүгээс БНХАУ-тай хилээ нээх асуудлаар ярилцаж байгаа. Сүхбаатар аймгийн хувьд тавьж буй шаардлагуудыг биелүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.

БНХАУ өнөө хэр нь хилээ нээхгүй байгаа нь коронавирусний халдвартай холбоотой. Тийм ч учраас хил нээхийн тулд зохих бэлтгэл хийж, шаардлага хангахыг зөвлөж буй. Энэ хүрээнд Бичигт боомтод PCR шинжилгээ хийх аппаратыг байрлуулах, автомашины ариутгалын пунктын ажиллагааг тогтмолжуулах, ААНБ-ууд ариутгалын хаалгатай болох, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зэрэг халдвараас урьчилан сэргийлэх ажлын хүрээнд тавьж буй бүх шаардлагыг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ. Гагцхүү эцсийн шийдвэр БНХАУ-аас шалтгаалж байна. Бидний зүгээс хилээ хэзээд нээхэд бэлэн гэдгийг ч тодотгов.

Хэлсэнчлэн аймаг орон нутгийн эдийн засгийн байдал хил гаалийн асуудлаас шалтгаалан хүнд байгаа. Өөрөөр хэлбэл нэг уул уурхайн компаниудын тээвэрлэлт зогссонтой холбоотойгоор төсвийн төвлөрөлт удааширсан. Тухайлбал, аймгийн гол орлого ААН-ийн орлогын албан татвараас бүрддэг. Зөвхөн "Цайрт минерал" компаниас энэ жил 7,5 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Гэтэл эхний таван сарын байдлаар ердөө 200-гаад сая төгрөгийн орлого оржээ.

 

Холбоотой мэдээ