“Синай муж" бүлэглэлийн толгойлогчийг устгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАИР. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн Синайн хойг дахь салбарын толгойлогчийг бусад хэдэн арван босогчийн хамт устгалаа гэж Египетийн цэргийнхэн мэдэгдэв.
“Синай муж” буюу “Ансар Бейт аль-Макдис” бүлэглэлийн байрлалд хэд хэдэн агаарын цохилт өгсөнд тус бүлэглэлийн толгойлогч Абу Дуаа аль-Ансари өртөж амиа алдсан гэж мэдэгдэлд дурджээ.
Эль-Ариш хотын ойролцоо орших босогчдын түшиц газарт агаарын цохилт өгсөн байна.
Египетийн хамгийн идэвхтэй босогчдын бүлэглэл болох “Синай муж” бүлэглэл нь Синайн хойг болон Египетийн нийслэл Каир хотод аймшигт халдлагууд удаа дараа зохион байгуулсан билээ.
Агаарын цохилтын үеэр 45 террористуудыг устгаж, хэдэн арван босогчийг шархдуулсны зэрэгцээ зэвсгийн хэд хэдэн агуулахыг устгасан гэж Египетийн цэргийнхэн мэдэгджээ.
Харин тус улсын бригадын генерал Мохаммед Самир өөрийн фэйсбүүк хуудсандаа “үнэн зөв мэдээлэл”-ийн дагуу явуулсан ажиллагааны үеэр Ансариг устгалаа гэж мэдэгдсэн боловч ажиллагааг хэзээ явуулсан тухай дурдаагүй байна.
Д.Нямтулга