Экологийн цагдаа орон нутгийн байгаль хамгаалалд оролцогч талуудтай хамтран ажиллана

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-05-25 12:01:22

Архангай /МОНЦАМЭ/. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-ын Засгийн газрын санхүүжилтээр Лондоны Амьтан судлалын нийгэмлэг (ЛАСН)-ээс хэрэгжүүлж буй “Монголын Экологийн цагдаа: Дэлхийн жишгээр ажиллаж, иргэдтэй түншлэх нь” төсөл Архангай аймгийн Булган сумын Хойд Могойн гол – Тээлийн Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хэрэгжиж эхлээд байна.

Төсөл 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл хэрэгжих юм. Төслийн зорилго нь Архангай аймагт Экологийн цагдаа орон нутгийн байгаль хамгаалалд оролцогч талуудтай хамтран ажиллах түншлэлийн загвар бий болгох юм. Төслийн үр дүнд зорилтот орон нутагт зэрлэг амьтны хууль бус худалдаа, ан ав, хулгайн мод бэлтгэл тодорхой хувиар буурч, нутгийн иргэд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглахад гол түншлэгчдийн хамтаар оролцож чадваржсан байх юм.


Төслийн үйл ажиллагааны хүрээнд Архангай аймгийн цагдаагийн газрын хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг манлайлан хүрээлэн буй орчны гэмт хэргийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой төсөл дэмжих Хамтын ажиллагааны зөвлөлийг аймгийн холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан байгуулж, хамтран ажиллах санамж бичиг, зөвлөлийн ажиллах журам, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлаад байна.


Төсөл нь байгаль орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсад туршигдсан эргүүл хяналтын СМАРТ ухаалаг системийг орон нутагт нэвтрүүлэхэд дэмжин ажиллах юм. Одоогоор Булган сумын 17 байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн 34 идэвхтэн байгаль хамгаалагчийг сумын Засаг дарга томилсон байна. Орон нутгийн байгаль хамгаалагчид, хамтран ажиллагсдад уг ухаалаг системийг ашиглах аргазүйн мэдлэг олгож, Булган суманд 17 чиглэлд хууль бус ан, мод бэлтгэл, байгалийн дагалт баялаг зөвшөөрөлгүй олборлолт, байгаль орчны бохирдол, ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой эргүүл хяналтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ оны эхний улиралд гэхэд 241000 га газар нутгийг хамарсан 30 удаагийн эргүүл хяналтыг хийсэн ба иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж байна. 

Холбоотой мэдээ