ОХУ-ын парламент цэргийн алба хаах насны дээд хязгаарыг цуцлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-26 15:06:05

МОСКВА. /Zaobao/. ОХУ-ын парламент лхагва гарагт цэргийн алба хаах насны дээд хязгаарыг цуцлах тухай хуулийн төслийг баталлаа.


Одоогоор 18-40 насны орос иргэд, 18-30 насны гадаадын иргэд ОХУ-ын армид мэргэжлийн цэргийн алба хаах боломжтой юм.


ОХУ-ын Төрийн Дум болон парламентын дээд танхим лхагва гарагт уг хуулийн төслийг баталсан бөгөөд одоо Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсны дараа хүчин төгөлдөр болно.


Тус улсын Төрийн Думын дарга В.В.Володин хэлэхдээ, “Бид Батлан хамгаалах яаманд туслахын тулд зэвсэгт хүчнээ бэхжүүлэх ёстой” гэжээ.


Сүүлийн үеийн мэдээгээр, үргэлжилсээр байгаа ОХУ, Украины дайнд ОХУ маш олон цэрэг, техникээ алдсан байна.


Өмнө нь тус улсын Думын зүгээс ахлах мэргэжилтнүүдийн ур чадварыг ашиглах боломжийг армид олгоно хэмээн мэдэгдэж байв.


Өндөр нарийвчлалтай зэвсэг ашиглах, зэвсэг, техникийг ажиллуулахад өндөр мэргэшсэн хүмүүс шаардлагатай байдаг ба өнгөрсөн туршлагаас харахад 40-45 насныхан энэ бүлэгт багтдаг байна.


Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин лхагва гарагт Украины өмнөд хэсгийн Запорожье, Херсон мужийн оршин суугчдад ОХУ-ын иргэншил, паспорт авах журмыг хялбарчлах зарлигт гарын үсэг зуржээ.


ОХУ-ын арми Украины өмнөд хэсгийн Запорожье мужийн зарим хэсгийг, Херсон хотыг бүрэн хяналтандаа авчээ.   

Холбоотой мэдээ