Оросын валютын ханш огцом чангарсны учир

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-05-31 08:30:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орос, Украины мөргөлдөөн эхэлснээс хойш рублийн ханш зогсолтгүй унасаар 3 дугаар сарын 7-ны өдөр гэхэд нэг доллар 143 рубльтэй тэнцэж байв. Гайхалтай нь, энэ удаад Барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн багц хориг арга хэмжээнүүд авсаар байгаа хэдий ч рублийн ханш огцом чангарсаар 5 дугаар сарын 23 гэхэд 1$=55 рубль болж, дайны өмнөх үетэй харьцуулахад 30 хувиар өсжээ. Энэ бол тун ховор тохиолдлуудын нэг юм.


Өмнө нь явуулж байсан  Оросын цэргийн ажиллагаанууд валютын ханшид нөлөөлж байсан удаа бий. Тухайлбал, 1990-ээд оны Чечений дайн, 2014 онд оросууд Крымыг өөртөө нэгтгэх үед рублийн ханш огцом савлаж байсан билээ


Оросын валютын ханш гэнэт огцом өссөнийг шинжээчид хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байна.


Барууны шинжээчдийн үзэж байгаагаар, энэ удаагийн өсөлт бол ханшийн зохиомол сэргэлт бөгөөд барууныхан эдийн засгийн хориг тогтоосны хариуд Оросын эрх баригчид капиталын хөдөлгөөнийг хянасны үр дүн юм. Цаасан дээр рублийн ханш өндөр харагдаж байгаа боловч валютын арилжаа эрхлэгчид түүнийг төдийлөн сонирхохгүй байна. Учир нь, худалдааны эргэлт саарч, рублийн ханш хэт тогтворгүй, савлагаатай байгаагаас болгоомжилсон хэрэг.


Тэгээд ч барууны хоригууд үр дүнтэй байна уу үгүй юү гэдгийг харуулах үзүүлэлт бол рублийн ханш биш гэдгийг дүн шинжилгээний Capital Economics компанийн ерөнхий эдийн засагч У.Жексон хэлж байна. “Рублийн ханш чангарч суларч байгаагаас үл шалтгаалан барууны хориг арга хэмжээнүүд Оросын эдийн засагт аль хэдийнэ нөлөөлөөд эхэлсэн. Инфляц өсөж, санхүүгийн нөхцөл байдал эрс муудсан” гэдгийг шинжээч дурдлаа. 

Москвагийн бирж


Норвегийн Худалдааны банкны валютын шинжээч Нильс Кристиан Кнудсен-ийн үзэж байгаагаар, рублийн ханшийг зохиомлоор өсгөж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой, гэхдээ энэ нь улс төрийн ихээхэн ач холбогдолтой бөгөөд хориг тавьж буй барууныхны эсрэг тэмцэх хүч Оросын дотоодод бий гэдгийг харуулна гэв.


Тэрбээр ханш огцом өссөний учрыг дараах хоёр гол шалтгаанаар тайлбарлалаа.


Эхний шалтгаан: Оросын импорт эрс хумигдсан


Барууныхны тогтоосон хоригийн улмаас Орос улс урьдын адил гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй болсон. Нэгэнт импорт агшсан тул рублийг бусад валютаар солих хэрэгцээ багасах нь ойлгомжтой. Ийм үед рублийн ханш чангарсан нь зохиомлоор авсан арга хэмжээнүүдийн үр дүн гэдгийг шинжээч Кнудсен дурдлаа.


Рублийн уналтыг зогсоосон нь


Цэргийн тусгай ажиллагаа эхэлсэнтэй зэрэгцээд Оросын эрх баригчид рублийн ханшийн огцом уналтыг зогсоох, эдийн засгаа тогтворжуулах зорилгоор хэд хэдэн багц арга хэмжээг авлаа. Үүнд:

--Төв банк бодлогын хүүгээ 9,5 хувиас 20 хувь болгож өсгөснөөр рубль худалдан авах сонирхлыг өдөөж өгөв. Харин 4 дүгээр сарын эцсээр бодлогын хүүг 14 хувь болгож бууруулжээ

--Банкуудад рублийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээг Төв банкнаас авч хэрэгжүүлснээр хямралаас зайлсхийж чадав.

--Капиталыг хянасан нь: Биржийн тоглогчдын рублийг бусад валютаар солиулахгүйн тулд Төв банкнаас хатуу хязгаарлалт тогтоов. Үүний сацуу Оросын экспортлогч компаниуд валютын орлогынхоо 80 хувийг заавал рублиэр солих журмыг гаргажээ.

-Хөрөнгө оруулагчид өөрсдийн компаниуд, үнэт цаас ба бусад активаа худалдахыг хатуу хориглосон нь Оросоос капитал гадагшлах үйл явцыг таслан зогсоов.

- Рублиэр хийсэн тулган шаардалт: Оросын нефть ба хийг худалдан авагчид 4 дүгээр сараас эхлэн төлбөрөө рублиэр хийж байх шаардлагыг Оросын засгийн газраас тавив.


Үүний зэрэгцээ хувь хүмүүс гадаад руу шилжүүлэх валютын хэмжээг 5 мянган доллароор түр хязгаарласан бол 4 дүгээр сараас 10 мянга болгож нэмэгдүүлжээ. 


Эдгээр нь валютын ханшийг зохиомлоор чангаруулах зорилготой байсан бөгөөд хэрвээ ийм арга хэмжээнүүд аваагүй бол 1 доллар 180 рубльтэй тэнцэх байсан гэдгийг WellsFargo Securities компанийн мэргэжилтэн Брендан Маккена онцоллоо


Хоёрдахь шалтгаан: Нефть-хийн асар их орлого


Оросын нефть ба хийн экспорт нь рекорд тогтоохоор их хэмжээний орлогыг авчирч байна. Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина рублийн ханшийг өсгөхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Европын орнуудад хандан, Оросын хийг худалдан авсныхаа төлбөрийг рублиэр хий гэсэн ер бусын шаардлага тавив. Финланд, Польш зэрэг зарим улс рублиэр тооцоо хийхээс татгалзсан тул оросууд хийн хоолойн крантаа хаажээ. Харин Герман, Италийн томоохон хэрэглэгчид Оросын талын шаардлагыг хүлээн авсан байна.


Европын орнууд Европ тив Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдээс маш их хамаардаг бөгөөд өдөр бүр хэдэн тэрбум рублиэр нефть, хий худалдан авдаг. Өөр сонголт байхгүй тул ойрын хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэдгийг Кнудсэн хэллээ.

Sparebank-ны ерөнхий эдийн засагч Харальд Магнус Андреассен-ы үзэж байгаагаар, Путин тулган шаардалт гэхээсээ илүүтэй нефть-хийн орлого өндөр байснаас шалтгаалан рублийн ханш чангарсан ажээ. Нефть, хийг экспортлох үед тэртэй тэргүй рубльд шилжүүлэн тооцоо хийдэг тул гадаад валютууд үүнд гол нөлөөг үзүүлээгүй гэж тэрбээр ярьж байна. 


Эд ангиуд, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийн доголдол


Орос улс нефть, хийгээ өндөр үнээр борлуулж байгаагийн зэрэгцээ өмнөхөөс хамаагүй бага хэмжээний барааг гаднаас импортолж байгаа тул энэ онд худалдааны ашиг нь түүхэнд үзэгдээгүй өндөр хэмжээнд хүрэхээр байна.


Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн хийсэн тооцоогоор, 2022 онд ОХУ-ын төлбөрийн тэнцлийн ашиг 240 тэрбум долларт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх 2021 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм.  Гэхдээ гадаад худалдааны асар их хэмжээний ашиг нь Оросын эдийн засгийн сул талыг харуулж байгаа ажээ. “Худалдаа асар их ашигтай гарах нь давуу тал гэсэн үг биш. Хэрвээ үйлдвэрлэл явагдахгүй бол ядуу тарчиг хэвээр байх болно. Тодорхой хугацааны дараа энэ бүхний үр дагавар бүрэн хэмжээгээр илэрч эхэлнэ” гэж Андреассен үзэж байна.


Орос руу чиглэсэн бараа бүтээгдэхүүн, технологийн урсгал эрс саарсан. Эд ангиуд, сэлбэг хэрэгслүүдийн нийлүүлэлт доголдсны улмаас үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн хэдэн сарын турш буурсаар байна. “Гадаадаас нийлүүлж буй эд анги, сэлбэг хэрэгслээс багагүй хамааралтай Оросын автомашин үйлдвэрлэлийн салбар үндсэндээ зогсчихоод байна. Түүнчлэн тус улсын нисэх онгоцны паркийн 90 хувийг бүрдүүлдэг гадаадын нисэх онгоцнуудын сэлбэг хэрэгсэл тасалджээ. Өөрөөр хэлбэл, Оросын эдийн засагт томоохон хүндрэлүүд үүссэн гэсэн үг” хэмээн шинжээч Андреассен хэллээ.


Цаашдаа валютын гүйлгээ хийхэд тавьсан хязгаарлалтуудыг хэр хурдан хугацаанд цуцлах вэ, импорт хэрхэн сэргэх вэ гэдгээс рублийн ханш шалтгаалах болно. Ер нь бол ханш цаашдаа сулрах бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны хийсэн таамаглалаар, оны эцэст нэг доллар 76,4 рубльтэй, евро 82,5 рубльтэй тус тус тэнцэнэ.


Доллар ба евро нь 60-65 рубльтэй тэнцүү байх үед хоёр сөрөг тал бий. Нэгдүгээрт, эдгээр валютыг яг ийм ханшаар худалдан авах боломжгүй, хоёрдугаарт, ийм ханш нь экспортлогчид ба Оросын улсын төсөвт ашиггүй.


Нефть, хийн үнэ өндөр байгаа учраас рублийн ханш өндөр, одоохондоо асуудал алга. Гэхдээ хэрвээ Европ тивийнхэн Оросын нефть, хийгээс бүрмөсөн татгалзаж, Оросын импорт одоогийн түвшинд хэвээр байх аваас жинхэнээсээ асуудал үүсэх болно.


Хамгийн сүүлд, өнгөрсөн баасан гарагт Москвагийн бирж дээр рублийн ханш суларч, 1 доллар 66,7 рубльтэй тэнцлээ. Үүнийг шинжээчид хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж байна. Нэгдүгээрт, татвараа төлөх гэсэн компаниуд долоо хоногийн эхээр валютаа борлуулж байсан бол баасан гарагт татвар төлөлтийн мөчлөг дууссан тул гадаад валютыг их хэмжээгээр худалдан авч эхлэв. Нөгөөтэйгүүр, Төв банк шаардлагаа зөөлрүүлснээр экспортлогчид валютын орлогынхоо 80 хувийг бус 50 хувийг зарах үүргийг хүлээжээ.   


Б.Адъяахүү


Эх сурвалжууд: bbc.com; nor.no; inosmi.ru

 

 

Холбоотой мэдээ