Богино хугацаатай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-03 12:19:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.


Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлан тусгахын зэрэгцээ түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтыг тусгасан гэв.


Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, түншлэгч талуудын чиг үүрэг, эрсдэлийн удирдлага, төрөөс үзүүлэх дэмжлэг болон салбарын яамны үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны талаар нарийвчлан тусгасан бөгөөд цаашид “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглох заалтыг тусгажээ. Ингэснээр төсвөөс үр ашиггүй концессын төслүүдэд эргэн төлөлт хийдэг байдал арилж, төсвийн ачааллыг бууруулах эрх зүйн орчныг бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх гомдол шийдвэрлэх асуудлыг тодорхой зохицуулах, үүссэн маргааныг гэрээнд болон хуульд заасан хэлбэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо.


Хуулийн төслийг хэрэгжүүлснээр томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан Сангийн сайд болон холбогдох албаныхнаас УИХ-ын 20 орчим гишүүн асуулт асууж, үг хэлж байна.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ эдийн засаг хүнд байгаа үед төрийн бүтээн байгуулалтад хувийн хэвшилээ оролцуулж дэмжих хэрэгтэй гэдгийг онцлов. Түүнчлэн хувийн хэвшлийг бүтээн байгуулалтад оролцуулах нь төр төсөвтөө дарамт үүсгэхгүй байх боломж юм хэмээлээ.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Төр дэд бүтцийг нь хийчхээд бусад зүйлийг хувийн хэвшлийнхэн аваад явчих чадалтай гэж олон жил ярьж байна. Уг хуульд олон жил доголдож, хөгжлийн гацаа болж ирсэн асуудлыг хууль гарснаар цэгцлэх боломж бүрдэх талаар ямар чухал заалт орсон бэ. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудалд хувийн хэвшлийн түншлэл маш чухал” гэлээ.


Сангийн сайд Б.Жавхлан, “Нийтлэг агуулга нь өсөн нэмэгдэж буй нийгэм, эдийн засаг төсвийн хэрэгцээн суурь тэлж буй өнөө цагт хувийн хэвшлийн оролцоог илүү хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр тухайн төрийн үйлчилгээ, нийтийн зориулалттай дэд бүтцийг бий болгосноор 10, 20, 30, 40 жилийн хугацаанд тухайн бизнесийг тогтвортой, хүртээмжтэй, бодитой байлгах гэсэн олон талт зорилготой. Мөн гадаад талд хөрөнгө оруулалт татах хөрс суурь бүрдэнэ. Хөрөнгө оруулагчид тухайн улс орны эрх зүйн орчныг хардаг. Ингэхдээ Засгийн газар нь тодорхой, үндсэн суурь хууль нь сайтар бэлтгэгдсэн байх ёстой” хэмээв.


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, “Улс орны эдийн засгийн байдал хүнд байна. Хувийн хэвшлийнхэн төрийн ажлаас хийх санал санаачилга гаргаад явдаг. Харамсалтай нь хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс болоод хэрэгждэггүй. Харин одоо урт хугацаанд төртэй хамтран ажиллах хаалга нээгдэж байна гэж ойлголоо” гэлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Холбоотой мэдээ