Хашаат сумынхан 700 м газрыг хашаажуулан, 300 гаруй улиас, хайлаас тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-07 14:22:51
Архангай /МОНЦАМЭ/. Хашаат сумын төрийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, худалдаа үйлчилгээнийхэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Сумын төвийн Эрдэнэтолгойн 10 гаруй гудамж бүхий хорооллын арын талбайд 700 м газрыг хашаажуулан, 300 гаруй улиас, хайлаас тарьж, хамгаалан усалж ургуулах ажлыг айл өрхүүдэд хариуцуулан, нэг хүнийг ажлын байртай болгон ажиллуулж эхэлжээ.
Мөн Засаг даргын Тамгын газрын байрны урд талбайд 150 ширхэг хайлаас мод тарьсны гадна сумын төв дэх цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг сайжруулах ажлын хүрээнд төрийн албан хаагчид 160 гаруй мод тарьсан байна. Айл өрхүүд ч хашаандаа, байгууллага, аж ахуйн нэгжүүд орчиндоо мод, цэцэг тарих хөдөлгөөн өрнөсөөр байна.
Мод сөөг тарих, арчилж ургуулах, элсжилт, цөлжилтөөс хамгаалах зорилгоор Өгийнуур сумын “Ногоон Ази” мод үржүүлгийн газраас мод авч тарьжээ. 
Хашаат сум тал хээрийн бүсэд оршдог, ой модгүй, урсгал гол горхи муутай, элсэрхэг хөрстэй ч мод тарьж байгаль дэлхий, нутаг усаа сэргээн өнгөтэй өөдрөг болгоход иргэд ухамсартай, идэвхтэй хандаж байна гэж Засаг даргын орлогч С.Ариунаа ярьсныг Архангай медиа группийн Хашаат сум дахь сурвалжлагч А.Лхагвасүрэн мэдээлэв.
Холбоотой мэдээ