Я.Содбаатар: Улс төрийн намын шинэтгэлийг хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-07 18:14:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг нь шилэн болгохтой холбоотой хуулийн төсөл санаачлахаар тусгасан.


Энэ дагуу Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулан хэлэлцүүлэг хийж, намууд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, иргэдээс саналыг нь авч байна. Энэ удаагийн “Улс төрийн намын тухай хууль: Өөрчлөлт-шинэчлэлт” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хамтран зохион байгууллаа.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар төслийн талаар товч танилцуулав. Тэрбээр “Хууль санаачлагч хуулийн төсөлдөө бүх талын байр суурийг сонсож, саналыг нь авах үүрэгтэй. Хуулийг шинэчлэн боловсруулах асуудал гурван парламент дамжсан. Төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь харж, хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Улс төрийн намын шинэтгэлийг хийх үндсэн зорилго нь парламентын ардчилал, Үндсэн хуульт ёсны төлөвшлийг гүнзгийрүүлэх юм” гэлээ.


Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Нийгэмд хамгийн нэр хүндгүй, авлигад идэгдсэн байгууллага нь улс төрийн намууд гэсэн судалгаа гардаг. Намуудын бодлого тодорхой байж, сонгуулиар дамжин парламентад бодлогоо хэрэгжүүлдэг байх ёстой. Үүнд шинэчилсан найруулгын төсөл чухал үүрэгтэй” гэв.


Ажлын хэсэг хэлэлцүүлэг хийхээс гадна санал авахаар улс төрийн 35 намд хуулийн төслөө явуулснаас долоо нь бичгээр саналаа ирүүлээд байна.

Холбоотой мэдээ