113 мянга гаруй мод, бут сөөг тарьж, ургуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-08 13:12:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд энэ хавар 113.304 мод, бут сөөг тарьж, 160.847.000 төгрөгийг зарцуулсан мэдээтэй байна.  Уг ажилд 183 аж ахуйн нэгж, байгууллагын 5218 иргэн оролцжээ.

Үүнээс онцлоход, Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын хэмжээнд тавдугаар сарын 10-18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 57 байгууллагын 1127 иргэн мод тарих ажилд оролцсон ба хайлаас, улиас, бургас, агч, буйлс, голт бор, тоорой, монос, үхрийн нүд, тэхийн шээг, удамбор, нохойн хошуу, алимны мод гэсэн 13 нэр төрлийн нийт 10.634 модны суулгацыг тарьж, ургуулж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ховд аймаг нэгдэж, 10 жилийн хугацаанд 20.0 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд дээрх ажил өрнөж буй.    

Мод тарьж, ургуулах ажилд иргэдийн оролцоо нэмэгдэж, тарьсан модыг зөв арчилж, хамгаалах талаар иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх ажил шат дараатай өрнөж байна. 

Тодруулбал, Монголын Хэрэглэгчийн удирдлагын академийн Онцгой бүтээлийн академич, Биологийн ухааны доктор, профессор, Байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимэд өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.


Тэрбээр Ховд аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Жаргалант сумтай хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сургалт зохион байгуулж, модны тарьц, суулгац, төрөл зүйл, арчилгаа, хамгаалалт, зарим анхаарах асуудлын талаар зөвлөмж мэдээлэл түгээв.   

Энэхүү сургалтад байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл 40 гаруй хүн оролцож, мод тарьж ургуулахтай холбоотой мэдлэг, чадвараа дээшлүүллээ.  

Холбоотой мэдээ