ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагчийг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагч Александр Викторович Усс тэргүүтэй төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын
үеэр хотуудын найрсаг харилцаа хамтын ажиллагааг тэлэх, нэг бүс нутагт оршдог
хотуудын хувьд ижил төсөөтэй байдалд түшиглэсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх
талаар санал солилцлоо. Амбан захирагч А.В. Усс “Монгол Улсад хийж буй айлчлал
үр дүнтэй байж, Улаанбаатар, Красноярск хот хооронд харилцааны шинэ шатанд
гарна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр хотод ижил төстэй тал олон. Улаанбаатар
хотод Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг бол, Красноярскт Сибирийн бүс
нутгийн иргэдийн олонх нь байна. Мөн хоёр хотын хөгжлийн боломж ижил учир талууд харилцан ашигтай хамтран
ажиллах боломжтой” гэжээ.
НИТХ-ын
дарга Ж.Батбаясгалан “Айлчлалын үеэр ярьсан ажил хэрэгч яриа, гэрээ хэлэлцээрийг эдийн засгийн
үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлэхэд анхаарч, манлайлан ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачилгаар 1 тэрбум мод тарих хөдөлгөөн орон даяар өрнөж байна. Сибирь бол дэлхийн уушги болсон
ногоон бүс. Ийм туршлагатай хөрштэй байгаад олзуурхаж байгаа“ гэдгээ онцоллоо. Мөн Монгол Улсад хийж буй
албан ёсны айлчлалаараа олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх
өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, уулзалтаар ярьсан асуудлууд, байгуулсан санамж
бичиг, хэлэлцээр үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгааг дурдлаа.