Сургуулийн бэлтгэл ажил, сургалтын танхим, байршлын төлөвлөлтийг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-09 14:16:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Онцгой байдлын Ерөнхий газраас АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багтай хамтран “Говийн чоно - 2022” олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх есдүгээр сард Баянхонгор аймагт зохион байгуулахаар болсон. Тус үйл ажиллагаатай холбогдох бэлтгэл ажлыг хангуулах, төлөвлөлтийн дөрөв дэх уулзалт өнөөдөр тус аймагт  боллоо.

"Говийн чоно - 2022" үйл ажиллагааны үеэр Команд штабын дадлага, Онолын болон практик сургалт, Аврах ажиллагаа, Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, Сэргээн босголтын ажиллагаа зэргээр 10 орчим төрлөөр зохион байгуулах дадлага сургуулийн  бэлтгэл ажил, сургуулилалтын танхим, байршлын төлөвлөлтийг уг уулзалтаар хийлээ. 

Тус үйл ажиллагаа нь "Гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, гамшгийн хор уршгийг арилгахад гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг шуурхай хүлээн авах, гамшгийн голомтод үндэсний гамшигтай тэмцэх байгууллага, аврах багуудтай хамтран ажиллах төлөвлөлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой" гэдгийг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана болон АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын хошууч Алексей Файнблут нар онцлов. 

Аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь хэлэхдээ, "Говийн чоно сургалт, дадлагыг зохион байгуулснаар орон нутагт, манай мэргэжлийн ангиудад үлдэх мэдлэг, үр ашиг нь их юм. Иймээс орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжиж хамтран ажиллах болно" гэлээ.

Холбоотой мэдээ