Азотын бордооны хэрэглээний 80 хувийг нийлүүлдэг компанийн төлөөлөлтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-09 16:58:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үндсэн түүхий эд азотын бордооны нийлүүлэгч, ОХУ-ын “Азот” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд төлөөлөгчид, 2021 онд ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр экспортлогч компаниудад хориг тогтоосон үед УУХҮЯ-наас тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамтай хамтран шуурхай арга хэмжээ авч, анхаарал хандуулсанд талархал илэрхийллээ.


Үүний үр дүнд энэ оны эхний хагас жилийн байдлаар тэсрэх бодисын үндсэн түүхий эдийн тасалдалд оролгүй, тогтвортой, найдвартай нийлүүлж байна.


“Азот” компани нь ОХУ-ын азотын бордооны томоохон үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 30 гаруй орны хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын хэрэглэгчдийг хангадаг төдийгүй өөрийн 4 үйлдвэрээр дамжуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн, Монголын Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын азотын бордооны хэрэглээний 80 гаруй хувийг дангаараа хангадаг томоохон нийлүүлэгч компани юм.


Уулзалтаар энэ оны сүүлийн хагас жилд уул уурхайн салбарын тэсрэх бодисын түүхий эдийн импортыг тогтвортой байлгах, дэлхийн зах зээлд мөрдөж буй үнэ ханшийн өөрчлөлтийг харгалзан үзэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэн, шинэ дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр харилцагчдаа хангах чиглэлээр санал солилцжээ.

 

Холбоотой мэдээ