НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн иргэний нийгмийн хөтөлбөрт 14 ТББ-ыг сонгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-06-15 08:09:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас манай улсад “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хэрэгжүүлж байна. Европын холбооноос санхүүжүүлж буй уг төслөөр манай улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Дээрх төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хөтөлбөр-2022”-ийн нээлт даваа гарагт боллоо. Нээлтийн семинарыг Шведийн Байгаль орчныг хамгаалах агентлагийн санхүүжилттэй “Байгаль орчны засаглал” төслөөс зохион байгуулав.




НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амьдралд хэрэгжүүлэхэд нийгмийн эрх тэгш оролцоог дэмжих зорилгоор төр, засаг болон иргэний нийгмийн, мөн бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 14 ТББ-ыг сонгон шалгаруулж, тэтгэлэг олгон, байгаль орчныг хамгаалах, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх, засаглалыг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй ТББ-ууд:

  • орон нутаг дахь уул уурхайн үйл ажиллагаанд хамтын оролцоот байгаль орчны мониторинг хийх,
  • хөдөлмөрийн орчныг харааны бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгох сургалт явуулах, зөвлөмж боловсруулах,
  • бизнесийн үйл ажиллагааны улмаас бий болсон хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэх аргачлалыг хувийн хэвшлийн байгууллагуудад зориулан боловсруулах
  • хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр иргэдийн оролцоотой төсвийн хяналт шинжилгээ хийх чиглэлээр ажиллах юм.




Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ТББ-уудын хэрэгжүүлэх зарим төслөөс онцолвол Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоо хөдөлмөрийн орчныг харааны бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгох чиглэлээр ажил олгогч нарт хандсан ажлыг хийхээр төлөвлөжээ. Өнөөдөр улсын хэмжээнд 11.600 гаруй харааны бэрхшээлтэй иргэн байдгаас ердөө 300 гаруй хүн ажил хөдөлмөр эрхэлж буй статистик тоо байна.




Түүнчлэн Завхан, Дорноговь аймгаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 2 ТББ орон нутгийнхаа уул уурхайн үйл ажиллагаанд хамтын оролцоот байгаль орчныг мониторинг хэрэгжүүлнэ. Энэхүү үйл ажиллагаанд нутгийн иргэд, орон нутгийн захиргаа, төсөл хэрэгжүүлэгч гээд бүх талыг оролцуулж, асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс ТББ-уудыг дэмжихийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулах байдлаар ажиллах, ялангуяа хэнийг ч үл орхигдуулах зарчмыг төслийн үйл ажиллагаандаа баримталж ажиллахыг уриалж байна. 



Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ