Ж.Батбаясгалан: Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бүс нутгийн харилцаа чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-06-15 08:46:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын аялал жуулчлалын хөгжилд хилийн чанадаас гадна бүс нутгийн болон хил орчмын харилцаа чухал хувь нэмэртэй. Тэр дундаа бүс нутгийн хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж их байгаа бөгөөд үүнд хувийн хэвшил чухал үүрэгтэйг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцолж байна.


Тодруулбал, хөрш орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд болон олон нийтийн байгууллагуудын санаачилга, үүрэг өндөр гэдгийг тэрбээр саяхан болсон Монгол-ОХУ-ын бизнес уулзалтын үеэр онцолж байв. Монгол Улсын эдийн засгийн гол төв Улаанбаатар хот хөрш орнуудын бүс нутгийн хэмжээнд гарч буй бүх санал, санаачилга, ажил хэргийг дэмжинэ гэдгийг тэрбээр мөн илэрхийлсэн юм.


НИТХ-ын дарга хөрш орнуудын хамтын ажиллагаанд эрчим хүчний салбарыг онцолж байлаа. Хэдийгээр нийслэл хот эрчим хүчний бодлогыг дангаар барих субьект биш ч байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хэмнэлттэй эх үүсвэр бүхий эрчим хүчний систем руу бага багаар шилжиж, шинээр нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг тэр эх үүсвэрээс авдаг байх нь чухал юм гэдгийг хэллээ.


Мөн тэрбээр, КОВИД-19 цар тахлын дараагаар сэргэж буй хөрш орнуудын харилцаанд тээвэр-логистикийн салбар, тэр дундаа транзит тээврийн үүрэг чухал гэдгийг онцолж байлаа. Босоо тэнхлэгийн төмөр зам болон автозамтай Монгол Улсын хувьд хоёр хөршийн бараа, худалдааны эргэлтийг ойр дөт замын, цаг хугацаа, зардал хэмнэх тээврээр дамжуулах боломж байна. Монгол Улс энэ нөхцөл байдлыг ашиглан, энд томоохон хувь нэмэр оруулах ёстойг дурдсан юм.


Зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа, харилцаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр хөршөөс гадна гуравдагч орнуудыг хамруулж, санаачилгатай хандан оролцох ёстой гэв. 

ОХУ-ын Красноярскийн хязгаарын албаны төлөөлөл болон бизнес эрхлэгчдийн айлчлалын үеэр болсон Монгол-ОХУ-ын бизнес уулзалтаар бүс нутгийн хүрээнд Булган, Өвөрхангай аймаг ОХУ-ын Красноярск мужтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үүнийг аймаг, орон нутаг, хотууд бүс нутгийн харилцааг гадаад зах зээлд нээх өөрсдийн боломжийг олж харж буйн илрэл гэдгийг НИТХ-ын дарга онцолж байлаа.


Газар тариалангийн үйлдвэрлэлээр улсад эхний гуравт багтдаг Булган аймаг 2009 онд Красноярск мужтай анх гэрээ байгуулж, тус мужийн Хөдөө аж ахуйн хүрээлэнгээс үр тарианы сонгомол сорт солилцон, тарьж турших замаар хамтарч ажиллаж иржээ. Нэг га-гаас 60 центнер ургац өгдөг онцлог давуу талтай сортыг нэвтрүүлсэн амжилттай болж, өмнө нь байгуулсан санамж бичгийн үр дүн гарсныг Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан тодотгож байв. Тэрбээр хэлэхдээ, “Бид Красноярск мужтай газар тариалангийн салбарт хамтран ажилласан харилцаагаа одоо аялал жуулчлалын салбарт үргэлжлүүлэх гэж буйдаа таатай байна” гэв.

Холбоотой мэдээ