Ойрын өдрүүдэд нийт нутгаар халах төлөвтэй байгааг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-15 14:33:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-21-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баянхонгор аймгийн нийт нутгаар  халах төлөвтэй байгааг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Мөн хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, говийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх аж.

Иргэдийг наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлснийг хүргэж байна.

Амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэд халуун нар төөнөж байгаа энэ үед наршихаас сэргийлэхдээ дараах арга хэмжээг авна.

-Даралт ихтэй, нас өндөр, чихрийн шижин, зүрх судасны өвчинтэй болон бага насны хүүхдийг гэрээс гаргахыг аль болох зайлсхийх

-Нарны малгай өмсөх, шүхэр хэрэглэх

-Шингэн ус сайн уух

-Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх


Илрэх шинж тэмдэг:

-Бие суларч тамир тэнхээ алдах

-Толгой эргэж, өвдөх

-Биеийн халуун нэмэгдэх 

-Цээж багтран амьсгаа цухалдах

-Царайны өнгө цонхийж цайх,

-Бөөлжис хүрч, дотор муухайрах

-Хөлс гарах нь багасах/ ихсэх/

-Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах


Авах арга хэмжээ:

-Сэрүүн нам тайван газарт шилжүүлэн амруулах,  /Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт/

-Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус /

-Хүйтэн жин тавих

-Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/

-Массажилж, иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ