Денвер хотын солилцооны хөтөлбөрт 16 сурагч хамрагдаж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-06-23 16:29:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдаж буй сурагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр тэрбээр, “Улаанбаатар, Денвер хот 2001 онд албан ёсоор ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш албан айлчлал, соёл урлаг, бизнес, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Сурагч солилцооны хөтөлбөр нь хотуудын хамтын ажиллагаа төдийгүй хоёр улсын иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид сурлага, хөдөлмөр, авьяас, чадвараараа манлайлагч хүүхдүүд. Та бүхний цаашдын сурлага, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье” хэмээлээ.

Зориг сангийн төслийн зохицуулагч Б.Гэрэлмаа  Зориг сангаас Улаанбаатар-Денвер ах дүү хотын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөрөөр ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж сургалтад хамруулдаг уламжлалтай гэдгийг онцлов. Мөн хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас шилдэг тав нь зуны амралтаараа АНУ-ын Денвер хот руу соёл, боловсролын солилцоогоор явдаг. Сурагчид боловсрол төдийгүй тухайн улсын соёл, уламжлалын талаар таньж мэддэг чухал ач холбогдолтой гэв.

Зориг сангаас Улаанбаатар, Денвер хотуудын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сурагч солилцооны хөтөлбөрийг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т Монгол Улсаас ахлах ангийн 16 сурагч хамрагдаж байгаа. Харин АНУ-ын Денвер хотоос ахлах ангийн таван сурагч зургаадугаар сарын 16-29-нд Улаанбаатар хотод зочилж, хөтөлбөрт хамрагдаж буй.  

Хөтөлбөрт хамрагдсан АНУ-ын Денвер хотын сурагчид Монгол Улсын соёл, уламжлал таалагдаж байгааг илэрхийлж байлаа.


Холбоотой мэдээ