ЗАВХАН: 23 байршилд гэрэлтүүлэг шинээр тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв, Улиастай суманд
гэрэлтүүлэг сайжруулах ажил үргэлжилж байна.
Тухайлбал, Богдын гол багт 12, Чигэстэй багт 10, Өлзийт багт нэг нийт 23 байршилд гэрэлтүүлэг шинээр тавьжээ. Гэрэлтүүлгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хот тохижилт үйлчилгээний газар хийж байна. Мөн Улиастай сумыг хөгжүүлэх үндсэн чиглэл, сум хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээний хүрээнд Чигэстэй багийн 9-р цэцэрлэгийн урд хэсгийг гэрэлтүүлэгтэй болгоод буй.
Сумын алслагдсан багуудыг гэрэлтүүлэгтэй болгосноор иргэд, сургуулийн суралцагчдын гудамж талбайд аюулгүй, амгалан тайван зорчих боломж бүрдсэн. Мөн алслагдсан багуудын нийтийн эзэмшлийн 23 цэг дээр хяналтын камер байршуулж байгаа. Ингэснээр гудамж талбайд амгалан тайван зорчих боломж бүрдэнэ. Камержуулалт хийсэн давуу талууд ч гарч байгаа. Гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийн илрүүлэлт сайжрахаас гадна хулгайн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд үр дүн гарч байгааг иргэд дуулгаж байгаа. Мөн Улиастай сумын автозамуудын эвдрэл, гэмтлийг нөхөх, засвар арчлалтын ажлуудыг хийж байна. Дээрх ажлуудыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.