ЗАВХАН: Орон нутаг дахь их, дээд сургуулиудын тулгамдсан асуудлуудыг судлах ажлын баг байгуулна

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-28 00:28:24

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар, УИХ-ын зарим гишүүдийн хамт ажиллалаа.

Тэрбээр МУИС-ийн Завхан сургуулийн ажилтай танилцаж тулгамдсан асуудлын талаар сонслоо. Тус сургууль 960 оюутны хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар бакалавр, магистрын ангид 225 оюутан суралцаж буй юм. Их, дээд сургуулийн элсэлтийн квотод хязгаар тогтоодоггүйгээс оюутны тоо орон нутагт буурчээ. Тиймээс дээрх зохицуулалтыг өөрчлөх, орон нутагт чадварлаг багш боловсон хүчнийг татах. Оюутнуудын сурах идэвхийг дэмжих шаардлагатай байгааг сургуулийн удирдлагууд Ерөнхий сайдад дуулгав. Ерөнхий сайд орон нутаг дахь их, дээд сургуулиудын тулгамдсан асуудлуудыг судлах ажлын баг байгуулахаар шийдвэрлэж, саналыг ойрын үед хэлэлцэхээр боллоо.






Шинэ сэргэлтийн бодлого, хот хөдөөгийн сэргэлт хөтөлбөртэй танилцлаа

Ерөнхий сайд Улиастайд ажиллах үеэрээ хүүхэд залуучуудын төлөөлөлтэй уулзаж, "Алсын хараа" сэдвээр ярилцаж тэдний санал хүсэлтийг сонслоо.


Мөн үеэр элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан суралцагчдад гарын бэлэг гардуулсан юм. Энэ уулзалтын дараа тэрбээр Завхан аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийж буй онцлох ажлуудын талаар мэдээлэл өгч, энэхүү бодлогод тусгагдсан тус аймгийг хөгжүүлэх төслүүдийн талаар санал солилцсон юм.


















Мөн Шинэ сэргэлтийн бодлого, хот хөдөөгийн сэргэлт хөтөлбөрийн хүрээнд барих “Шинэ Завхан” төслийн барилгуудын явцтай газар дээр нь танилцлаа. Түүнчлэн Завхан аймгийн Улиастай суманд барих 29 мВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажлын явцтай танилцсан юм.




Ерөнхий сайдыг дагалдаж УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэн, ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Сюежүн, БНХАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны хэлтсийн 1-р нарийн бичгийн дарга Сүнь Вэй нар Завхан аймагт ажиллаж, Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалттай танилцаж, байнгын үйл ажиллагааг нээх ёслолд оролцлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 








Холбоотой мэдээ