Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-30 11:40:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Оргил” хорооллын эхний ээлжийн 126 айлын орон сууцны барилгыг ашиглалтад орууллаа.


Шинэ байрны түлхүүрийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, “Шинэ Барилга” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Доржпалам тэргүүтэй төлөөлөл 23 дугаар хорооны иргэдэд гардуулав.


Төсөл гүйцэтгэгч “Шинэ барилга” ХХК нь 2020 онд “Оргил” хорооллын төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 2028 он гэхэд хорооллыг бүрэн барьж дуусгах юм. Энэ хүрээнд 3654 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, спорт заал бүхий цогц хороолол барихаар төлөвлөжээ. Түүнчлэн оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх бүс, хүүхэд багачуудын бие бялдраа хөгжүүлэх биеийн тамирын болон тоглоомын талбай, автомашины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламжийг зураг төсөлдөө тусгасан байна.


Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 2519 нэгж талбарт газар чөлөөлөлж, 11.755 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Одоогоор нийслэлийн 19 байршилд 43 төсөл хэрэгжүүлэгч шалгаран, ажлаа эхлээд байгаа аж.


Холбоотой мэдээ