Путин: Эрдогантай хийсэн хэлэлцээ үр дүнтэй байлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-10 09:39:14

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. ОХУ-д айлчлал хийж байгаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хийсэн хэлэлцээ үр дүнтэй байлаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

"Энэ уулзалт нь хоёр улсын цаашдын харилцаанд чухал ач холбогдол бүхий үйл явдал байсан. Бид олон улсын тулгамдсан асуудал болоод хоёр улсын харилцааны бүхий л талыг хамарсан сэдвээр үр дүнтэй хэлэлцээ хийсэн" гэж тэрбээр уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

"Өнөөдрийн хэлэлцээгээр бид хоёр улсын харилцааг сэргээх арга замууд, үйл ажиллагааны явцыг тодорхойлсон. Хамгийн чухал ажил бол хоёр улсын харилцааг хямралын өмнөх түвшинд хүргэх явдал юм" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, “энэ оны эхний таван сарын хугацаанд хоёр улсын худалдаа 43 хувиар буурсан бөгөөд энэ асуудлыг нэн түрүүнд зохицуулах хэрэгтэй. Ингэхийн тулд хоёр улс эхний ээлжид хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

ОХУ-ын төрийн тэргүүн мэдэгдлийнхээ сүүлд нээлттэй яриа хэлцээ хийсэн Туркийн Ерөнхийлөгчид талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын харилцааг хэвийн үргэлжлүүлэх боломжтой бөгөөд үүнд "ОХУ бэлэн" гэж онцлон тэмдэглэсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ