Шведийн төрийн албанд монгол хүн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-04 14:20:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швед улсын төрийн албанд монгол хүн ажиллаж байна. Тодруулбал, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ Шведийн Стокхольм хотын Соллентуна дүүргийн Олон улсын хэл, соёлын төвд нийгмийн ажилтан болон багшаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-ын IV чуулганд оролцож буй түүнээс Швэд дэх албан ажлынх нь талаар тодруулав.


Тэрбээр “Швед нь улс орнуудын үндэсний хэл, соёлын бодлогод хүндэтгэлттэй ханддаг орон. Тухайлбал, тус улсын аль нэг хотын дүүрэгт гадаадын нэг улсын 5-аас доошгүй хүүхэд байвал эх хэлээ сурах бололцоогоор хангадаг. Ингээд багшийг нь Шведийн төрөөс цалинжуулж, төрийн үйлчилгээний алба хаагчаар ажиллуулдаг юм.


Миний хувьд Стокхольм хотын Соллентуна дүүргийн Олон улсын хэл, соёлын төвд нийгмийн ажилтан болон багшаар ажиллаж байна. Хүүхдүүдэд монгол хэл заахаас гадна тухайн гэр бүл, иргэдийг нийгэмшүүлэхэд тусалдаг. Би улстөр судлаач, нийгмийн ухааны багш. Гэхдээ хүний нөөцийн боломжоос хамаараад Шведэд байгаа монгол хүүхдүүдэд түүх, соёл, эх хэлээ зааж байгаа” гэв. 

Холбоотой мэдээ