Техаст "зика"-гийн улмаас хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-08-10 13:34:35

ВАШИНГТОН. /Xinhua/. Америкийн Техас муж улсад “зика” вирусийн улмаас тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой төрсөн хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Энэ хүүхэд эхийн хэвлийд байхдаа “зика”-гийн халдвар авч байжээ. Тодруулбал, түүнийг тээж байхдаа ээж нь Латин Америкт очихдоо уг вирусийн халдвар авсан байна. Гэхдээ Латин Америкийн яг аль улсаас “зика”-гийн халдвар авсныг албаны хүмүүс мэдэгдсэнгүй.

Мөн тус улсын Флорида муж улсын захирагч Рик Скотт хэлэхдээ “шумуулаар дамждаг “зика” вирусийн халдвар авсан 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн” гэв. Ингэснээр тус муж улсад “зика”-гийн халдвар авсан тохиолдлын тоо 21 болж нэмэгдлээ.

Техас муж улсад “зика”-гаар хүүхэд нас барсан тохиолдол нь АНУ-д уг вирусийн улмаас хүн нас барсан анхны тохиолдол юм.

Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ