БУЛГАН: Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-08 09:17:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, БНСУ-ын "Ю Брэйн" ХХК-ий Ерөнхийлөгч Ли Сун Юүн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны KOICA байгууллага 2023 онд хилийн чанадад хэрэгжүүлэх төслийн хүрээнд судалгаа хийх, хамтын ажиллагааг хэлэлцэхээр аймгийн удирдлагатай санал солилцож, албан уулзалт хийлээ. Уулзалтад МҮХАҮТ-ын төлөөлөгч М.Оюундэлгэр, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны KOICA байгууллагын төлөөлөл оролцлоо. Албан уулзалтын хүрээнд талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.

Уг төсөл 2023 оноос эхлэн 3-5 жил хэрэгжих төсөл бөгөөд Булган аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тохижилт үйлчилгээг сайжруулах, бага дунд орлоготой өрхүүдийг дэмжих, сургалт явуулах, хөдөө аж ахуйн болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд солонгос технологийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Холбоотой мэдээ