ТӨВ: “Цэцээ гүний хурд-2022” зүүн бүсийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-07-21 18:20:00

Төв /МОНЦАМЭ/ “Цэцээ гүний хурд-2022” зүүн бүсийн наадам Төв аймгийн Эрдэнэ суманд 07 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Тус бүсийн наадмыг Төв аймгийн Эрдэнэ сум, “Гурван хүрэн” уяачдын холбоо зохион байгуулсан бөгөөд Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Батсүмбэр, Архуст, Мөнгөнморьт зэрэг 7 сумд оролцох ба газар газрын шигшмэл хүлэг, хүчит бөхчүүд хүрэлцэн ирж наадлаа.


Уг наадмын хурдан азарга насны уралдаанд нийт 63 хүлэг уралдаж түрүү магнайд Эрдэнэ сумын 2-р багийн уяач Мөнх-Эрдэнийн хээр, Аман хүзүүнд Налайх дүүргийн Адилбишийн бор халзан, айргийн гуравт Багануур дүүргийн Алтангадасын зээрд халзан, айргийн дөрөвт Налайх дүүргийн Наранбаярын цавьдар, айргийн тавд Ховд аймгийн Манхан сумын хүрэн тус тус хурдаллаа.

Хурдан Соёолон насны уралдаанд 60 хүлэг шандсаа сорин түрүү магнайд Угтаалцайдам сумын Анарын хээр, аман хүзүүнд Баяндэлгэр сумын Жамсрангийн ягаан алаг, айргийн гуравт Сэргэлэн сумын Бат-Идэрийн хээр, айргийн дөрөвт Сэргэлэн сумын Отгонцэрэнгийн Зээрд халзан, айргийн тавд Мөнгөнморьт сумын Үүрцайхын хүрэн хурдалжээ.

Хурдан их насны уралдаанд 74 хүлэг уралдаж түрүү магнайд Эрдэнэ сумын 1-р багийн уяач Жамсрангомбын Буурал халзан морь, аман хүзүүнд Эрдэнэ сумын 2-р багийн уяач, Аймгийн алдарт уяач Н.Мөнх-эрдэнийн бор халзан морь, айргийн гуравт Эрдэнэ сумын 2-р багийн уяач О.Дарьбазарын цавьдар морь, айргийн дөрөвт Эрдэнэ сумын 2-р багийн аймгийн алдарт уяач Ц.Мөнх-Эрдэнийн хээр морь, айргийн тавд Эрдэнэ сумын 2-р багийн уяач Б.Балжиннямын хурдан морь тус тус хурдаллаа.

Үндэсний бөхийн барилдаанд нийт хүчит 64 бөх барилдаж Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Аймгийн заан Ариунбаатар түрүүлэн, Налайх дүүргийн Аймгийн арслан Эрдэнэбаяр үзүүрлэж, Увс аймгийн Түргэн сумын Сумын заан Мөнхбаяр, Увс аймгийн Өмнөговь сумын Аймгийн начин Б.Алтангэрэл нар шөвгөрлөө.

“Цэцээ гүний хурд-2022” Төвийн бүсийн наадам Төв аймгийн Алтанбулаг суманд 7 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж байгаа юм. Баруун бүсийн наадмыг Төв аймгийн Эрдэнэсант суманд зохион байгуулахаар төлөвсөн хэмээн албаныхан мэдээллээ.  

 

 

Холбоотой мэдээ