Ган гачгийн улмаас Францын 88 мужид усны хэрэглээг хязгаарлажээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-07-25 11:38:36

ПАРИС. /BFMTV/. Францад ган гачиг улам бүр газар авч байгаа бөгөөд ням гарагт тус улсын 88 мужид усны хэрэглээнд хязгаарлалт тогтоожээ.


“BFMTV” сувгаар мэдээлснээр, өдрийн цагаар цэцэрлэг, зүлэг услахыг хориглож, хүн амд боломжтой бол усаа хэмнэхийг, ялангуяа усан сангаа дүүргэхгүй байхыг уриалж байна. 


Хэдийгээр улс орон үндсэндээ бүхэлдээ ган гачигт өртсөн ч Пеи-де-ла-Луар, Пуату-Шаранта бүс нутгууд илүү их нэрвэгдээд байна гэж тус суваг онцолжээ. 


Хэдэн долоо хоног үргэлжилсэн ер бусын хуурай, халуун цаг агаар болон өнгөрсөн өвөл хур тунадас бага унасны улмаас усны нөөцийг нөхөж гүйцээх боломжгүй болсон гэж “BFMTV” тайлбарлав.


Ойрын өдрүүдэд нөхцөл байдал сайжрах найдвар бага байгаа бөгөөд цаг уурын мэдээгээр Пиреней, Альпийн нуруунаас бусад газруудад ирэх долоо хоногт бороо орох төлөвгүй байна гэж тус суваг мэдээлжээ. 


Францын эх газрын нутаг дэвсгэр 96 мужид хуваагддаг байна. 


Холбоотой мэдээ