Монгол, Малайзын хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэх талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-29 10:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсын дунд хэмжээний бизнесийн компаниудыг хариуцсан консорциум болон МҮХАҮТ-ын удирдлага хоёр орны хамтын ажиллагааны талаар цахимаар уулзав. Уулзалтад Малайз улсын дунд хэмжээний бизнесийн компаниудыг хариуцсан консорциумын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч Каллум Чен, Мартин Анг тэргүүтэй албан тушаалтнууд оролцов.



Уулзалтаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн цар тахал, цаг үеийн нөхцөл байдлын улмаас Монгол Улсын гадаад худалдаа, тээвэр логистикт доголдол үүсээд байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гуравдагч хөршийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллах нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Малайзын дунд хэмжээний компаниудын консорциумын ерөнхийлөгч ноён Каллум Чен хэлэхдээ, хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь бизнесийг дэмжигч байгууллагын хувьд хоёр талын бизнес хооронд холбоо, харилцаа тогтоох гүүр болж буйд талархал илэрхийлж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэл дүүрэн байна гэв.



Тус улсын 20 гаруй компани энэ оны 9 дүгээр сард “Мишээл экспо” төвд зохион байгуулах уламжлалт “Улаанбаатар Түншлэл” олон улсын үзэсгэлэн яармагт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, бизнесийн хамтын ажиллагаа эрэлхийлэн оролцохоор болов.

Холбоотой мэдээ