Хагас коксын үйлдвэр байгуулах бэлтгэл ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-08-03 13:33:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хими, технологийн салбарыг хөгжүүлэх зорилгоор “Багануур”, “Шивээ овоо” компанийг түшиглэх хагас кокс боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн. Энэ талаар Засгийн газар өнгөрсөн 4 дүгээр сард шийдвэр гаргасны  дагуу дээрх 2 компанийн аль тохирох байршлыг нь түшиглэн хагас коксын үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг гаргаж, эхний ээлжийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК 220 сая гаргахаар болоод байна. Улмаар барилгын ажлыг эхлүүлэн, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэр байгуулах бэлтгэл ажилтай Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ зэрэг албаныхан Багануур дүүрэгт газар дээр нь танилцлаа.




Хагас коксийн үйлдвэр байгуулснаар 17 МВт-ын хүчин чадал бүхий хийн цахилгаан станц, 80 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц бий болохоос гадна жилд 700 мянган тонн хагас коксжуулсан нүүрс экспортлох, түүнчлэн жилд 65 мянган тонн дизель түлш үйлдвэрлэх боломжтой юм. Мөн нарийн мэргэжлийн, өндөр цалинтай ажлын байр олноор бий болох юм. Улмаар “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор барих юм.


Хагас коксын үйлдвэр байгуулах ажлын бэлтгэлийг яаралтай хангахыг үүрэг болголоо.



Одоогоор “Багануур” болон “Шивээ овоо” ХК-ийн газар зүйн байрлал, дэд бүтцийн нөөц боломж, мөн нүүрсний чанарыг судлах шатандаа явж байна. “Багануур” ХК-ийн хувьд үйлдвэр байгуулах газар болон дэд бүтцийн байгууламжууд нь бэлэн байгаагаараа онцлогтой аж. Мөн нүүрсний бүтэц, чанарын хувьд илүү давуу талтай нь эхний шатны судалгаагаар тогтоогджээ.

Шадар сайд С.Амарсайхан ТЭЗҮ болон санхүүжилт нь шийдэгдсэн тус төслийг эрчимжүүлэхийн тулд газрын асуудал болон төрийн өмчит компаниуд хоорондын өр, авлага, тайлан блансын тооцоог яаралтай хийж дуусган, барилгын ажлыг шуурхай эхлүүлэх бэлтгэлийг хангахыг дүүргийн Засаг дарга болон компаниудын удирдлага, холбогдох албаныханд үүрэг болголоо.


Холбоотой мэдээ