“Даншиг наадам-Хүрээ цам 2022”-д унаач хүүхдийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-08-04 06:08:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүй долоон худагт 8 дугаар сарын 6, 7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хязаалан болон их  насны морьдын уралдаан болно.


Түүнчлэн уламжлал ёсоор энэ үеэр жороо морь уралдуулдаг онцлогтой. Даншиг наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын хурал лхагва гарагт болж, хурдан морины уралдааны бүртгэл болон уралдааныг хэрхэн зохион байгуулах тухай, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хэлэлцжээ.

 

Морьд давхар уяатай байж болзошгүй тул уралдах зайг багасгажээ

 НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурдан морины уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, хурандаа Г.Ялалт:

-Энэ сарын 6-ны өдөр 11 цагаас жороо морины уралдааныг зохион байгуулах бол 7-нд хязаалан, их насны морьдын уралдааныг Хүй долоон худагт болно. Уралдах морьдыг 8 дугаар сарын 5-ны өдөр бүртгэнэ. Даншиг наадмын морины уралдаан Үндэсний их баяр наадмын морины уралдаанд баримталдаг зарчмаар явагдана. Үндэсний их баяр наадмын хууль болоод Засгийн газраас баталсан Хурдан морины уралдааны дүрмийн дагуу бүхий л наадам, уралдаан явагддаг. Тэгэхээр уралдуулах морьдын сэрвээг хэмжинэ. Үүнд нэмэлт тайлбар хийх нь илүүц болов уу. Уралдааныг зохион байгуулахад Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон НЗДТГ-ын Цэргийн штаб, даатгалын байгууллагууд ажиллаж байна. Унаач хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд илүүтэй анхаарч ажиллаж байгаа.

 

-Уралдааны маршрутад өөрчлөлт орох уу?

-Үндэсний их баяр наадмаас хойш аймаг, сумдын ойг өргөн хэмжээнд тэмдэглэлээ. Бүсүүдийн уралдаан ч зохион байгуулсан. Тиймээс морьд давхар уяатай байж болзошгүй. Тиймээс Нийслэлийн Морин спорт, уяачдын холбоо болон бусад холбоодоос гаргасан саналыг үндэслээд хоёр насны уралдааны зайг татаж багасгасан. Тухайлбал, их насны морьдын наадмаар хязаалан насны морьд уралддаг зайд уралдуулъя гэж шийдсэн. Энэ нь ойролцоогоор 17-18 км. Хязаалан насны морьдыг 13-14 км буюу Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралддаг зайд уралдуулах юм.

 

Хүүхэд айдас түгшүүртэй бол уралдаанд оролцуулахгүй байхыг зөвлөж байна

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Оюунтуяа:

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу наймаас доош насны хүүхдүүдийг хурдан морь унуулахгүй байгаа. Хуулийн дагуу наймаас дээш насны хүүхдүүдийг морин уралдаанд оруулна. Түүнээс гадна морь унах гэж байгаа хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрөл авсан байхын дээр даатгалд хамруулсан байх ёстой. Унаач хүүхдийн хувцас хэрэглэл нь стандартын шаардлага хангасан эсэх, хүүхэд сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаа эсэхийг лавлаж тодруулдаг. Хүүхэд айдас түгшүүртэй бол уралдаанд оролцуулахгүй байхыг уяачид, асран хамгаалагчдад зөвлөдөг. Даншиг наадам бол олон нийтийг хамарсан үйл ажиллагаа бөгөөд энэ үеийн хүүхэд хамгааллын заалтууд бий. Жишээлбэл, морины бүртгэлтэйгээ нийлсэн гурван өдөрт хүүхэд төөрөх, осолдох гэх мэт болзошгүй тохиолдлуудад эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх хүртэл хүүхдийг хамгаалан ажиллана. Зөвхөн хурдан морь унаач хүүхдүүд төдийгүй баяр наадам үзэхээр очсон хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд давхар анхаарал хандуулж, хяналт хийж, зөвлөн тусалж, холбон зуучлах ажлыг хийхээр бэлтгэлээ хангаж байна.

 

-Даншиг наадмын үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр хэчнээн ажилтнууд ажиллах вэ?

 -Хүй долоон худаг бол Сонгинохайрхан дүүргийн нутаг. Тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон манай Нийслэлийн ГБХЗХГ-ын нийт 15 ажилтан, албан хаагчид ажиллана.

 

-Уралдааны үеэр хүүхэд гэмтэж, бэртэх эрсдэлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээнд хэрхэн анхаарах вэ?

 -Бидний хамгийн их анхаарал хандуулдаг асуудал. Хүүхэд хамгааллын асуудал бол салбар дундын асуудал учраас бид Эрүүл мэндийн газар, даатгалын байгууллагуудтай хамтран ажилладаг гэлээ.


                            НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ